Ажлын хэсгийнхнийг дүгнэлтээ нэгтгэхийг шаардав
2015-12-01

Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Харин Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан томилолтоор явсан тул хуралдаанд суусангүй.  Хуралдаан эхлэх үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга  Б.Гарамгайбаатар:

 

-Хөгжлийн банкинд шалтгалт хийсэнтэй холбоотой янз бүрийн яриа гарсан. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж УИХ-ын даргын зөвлөлөөр үзэж, төлөвлөсөн. Асуудлыг би өөрөө оруулсан. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооноос асуудлыг оруулаагүй байсан.  Гэвч өнөөдрийг хүртэл ажлын хэсгийн ахлагч гишүүдтэйгээ нэг ч удаа уулзсангүй, гарын үсэг зуруулах асуудлыг хөөцөлдөөгүй. Ажлын хэсгийн дүгнэлтийг гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байна. Тиймээс дүгнэлт бүрэн гараагүй байна гэсэн үг. Ажлын хэсгийн ахлагч өнөөдөр энэ хуралдаанд ирээгүй учир хэлэлцэх боломж байхгүй байна. Ажлын хэсгийг дахиж цуглуулах арга хэмжээг яаралтай зохион байгуулаач, байнгын хорооны дарга аа. Тал бүрээс нь хэлэлцэж, албажуулж байж хэлэлцэхгүй бол болохгүй. Гарын үсэг зурагдаагүй байгаа тайланг албажуулан хэлэлцүүлэх ёстой. Нэгдсэн ойлголцолд хүрэх хэрэгтэй. Танай манай, чи би-дээ тулсан улстөржилт явж байна. Эцсийн эцэст дүгнэлтээ бэлэн болгож оруулж ирэх шаардлагатай гэсэн санал гаргав.

 

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

 

-Энэ асуудлыг улстөр болгож талцмааргүй байна. Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ оруулж ирэх ёстой. Гэтэл Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан алга, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан байхгүй байна. Ажлын хэсгийн 10 гишүүнээс 4 нь гарын үсэг зуржээ. Тиймээс энэ долоо хоногт ажлын хэсгийнхэн хуралдаж, дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй байна.

 

УИХ-ын гишүүн М.Зоригт:

 

-Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Чингис бондын зарцуулалтыг УИХ, байнгын хороогоор хэлэлцүүлэх байтугай Засгийн газраараа ч хэлэлцдэггүй байсан. Үүнд нь би шүүмжлэлтэй хандаж, өмнөх Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярьдаг байсан. Харин УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцан, дүгнэлт гаргасныг дэмждэг. Тиймээс ч энэ асуудлыг хэлэлцэх үед хуралдаанд ирсэн. Гэтэл ажлын хэсгийн гишүүд асуудлаа ярихаас илүүтэй хоорондоо маргалдсаныг ойлгоогүй.  Харин АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэхэд  ойлголттой болсон. Ажлын хэсгийн 10 гишүүн асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй. Өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулаад, ажлын хэсгийн гишүүд нэг ойлголцолд хүрч, тайлангаа баталгаажуулаад ороод ирээч ээ.  Дүгнэлтийг ард иргэд хийнэ, ажлын хэсгийнхэн хийхгүй.

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяр:

 

-Чингис бондын зарцуулалттай холбоотой чухал асуудлыг хэлэлцэж байна. Энэ мөнгийг босгосон, хуулийн дагуу зарцуулсан.  Улаанбаатар хотод хийгдсэн бүтээн байгуулалт, нийслэлтэй аймгийн төвүүдийг холбосон зам, цахилгаан станцууд  зэрэг 2012-2015 онд хийгдсэн бүтээн байгуулалт Чингис бондын 1.5 тэрбум  ам.доллартай холбоотой. Харамсалтай нь энэ бүтээн байгуулалтыг хараар будах гэсэн зүйл байна. Олон түмэнд хардалт сэрдэлт үүссэн байгаа.  Ажлын хэсгийнхэн улс төрийн үйл ажиллагаа явуулсан. Талцмааргүй байна. Одоо цаг өөр болсон. Буруу хүний булхай илэрч, зөв хүний үйлдэл мэдэгддэг болсон. Гэтэл 10 гишүүний 4 нь гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан 4 гишүүнээс ганцхан Ч.Хүрэлбаатар л байна. Бусад нь алга.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

 

-Ажлын хэсэг байгуулагдаад үндсэндээ 11 сар болж байна. 5 удаа хуралдсан. Ажлын хэсгийн гишүүд хуралдаандаа суугаад өгөөч ээ.  Хуралдаандаа ирэхгүй юм. Хамтарсан байнгын хорооны хурал хийх гэхээр картаа сугалаад явсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногоос нэг нэг рүүгээ дайрсан мэдээлэл их явж байгаа шүү. 10 ширхэг хувьцаатай хүнийг 10 тэрбум төгрөг авсан гэж бичсэн байсан шүү. Гэтэл тэр компани нь нийт 8 сая хувьцаатай. Өнөөдөр хуралдаад шийдвэрээ гаргаад явах нь зөв. Энэ дүгнэлтийг аудитын 2 удаагийн дүгнэлт, Сангийн яамны шалгалтын материал, дээр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн биелэлт дээр үндэслэсэн. Хөгжлийн банкны захирал н.Мөнхбатын бичиг ч бий.

 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар Хөгжлийн банкинд  хийсэн шалгалтын дүгнэлтийг хойшлуулах санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин