Тамирчны шагналын 4200 ам.доллар алдагджээ

Азербайджан улсын Баку хотноо болсон Гран при тэмцээнд манай тамирчин олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр урилгаар оролцон мөнгөн медаль хүртэж, 5000 ам.доллараар шагнуулсан.
Гэтэл тэмцээн дуусаад эх орондоо ирж явах замд шагналын мөнгө нь хулгайд алдагдсан байж боломгүй хэрэг гарчээ. Энэ тухай өнөөдөр түүний багш олон улсын шүүгч Э.Болормаа сэтгүүлчдэд мэдээлэв.
Тэрбээр “Шагналын эзэн тамирчин хамт явсан багийнхандаа буюу долоон хүнд тус бүр 100 ам.долларыг шагналын дээжээсээ өгсөн байгаа юм. Мөн дахин 100 ам.долларыг хэрэглэхээр авч үлдсэн 4200 ам.долларыг багийн дасгалжуулагчдаа хадгалуулсан.
Бээжингийн онгоцны буудал дээр ирээд хоолонд орохоор багийнхан бөөнөөрөө байхдаа мөнгийг нь үзтэл тамирчны шагналын мөнгөний хоёр захад нь зуун доллар, дунд нь нэг долларын дэвсгэртүүд хийсэн байсан гэсэн” ярилаа.
Ийм асуудал үүссэнээр Э.Болормаа шүүгч Бээжингийн онгоц буухаас өмнө цагдаагийн байгууллагад мэдэгдэж, Чингис хаан нисэх онгоцны буудалд очжээ. Мөн хэн нэгнийг хардах, бусдын нэр төрд халдах гэж хэвлэлийн хурал зарлаагүй, цагдаа, хууль хяналтын байгууллагаас хэргийн үнэн мөнийг тогтоож, биднийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэдгээ хэлсэн юм.
Тамирчны шагналын мөнгийг Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр хадгалж байжээ. Түүнээс болсон явдлыг тодруулав.
"11 дүгээр сарын 27-ны өдөр манай тамирчин барилдаад мөнгөн медаль авсан. Шагналын 5000 ам.доллараа надад хадгалуулсан. Хагас сайн өдрийн орой Бэхээ багшаа мөнгөнөөсөө аваатахъя гээд авч хамт явсан таван хүндээ тус бүр 100 ам.доллар өгсөн. Түүний дараа бүтэн сайн өдөр тэмцээн дуусаад буцах болоход Дүвчин ах, Батцэцэг хоёрт өгье гээд дахиад 200 ам.доллар авсан. Бид хоёр мөнгөө өгч авахдаа дандаа тоолж өгч, авалцаж байсан.
Тэгээд 4300 ам.доллар үлдэж өөрт нь мөнгийг нь буцааж өгсөн. Бүтэн сайн өдрийнхөө дөрвөн цагт нисэх буудал явсан. Бэхээ та цүнхэндээ хийчих гээд надад мөнгөө буцаагаад өгсөн. Би авч цүнхэндээ хийгээд хил, гаалиар бүх зүйлээ шалгуулаад орж ирсэн. Онгоцны үүдэн дээр хүмүүст юм авах гэсэн юм гээд дахин 100 ам.доллар авсан. Хүүхэд мөнгөө авахдаа цүнхний цахилгааныг жаахан дутуу орхичихсон байсан. Тэр үед мөнгө нь байсан. Би мөнгийг цааш нь хийж, цахилгаанаа гүйцээж татаад онгоцонд орсон. Онгоцонд Бэхээ, Цэгмид бид гурав 18 дугаар суудалд суусан. Суудлаасаа босолгүй унтаж явсаар өглөө болсон. Өглөө болж бид ачаа тээшээ аваад хоёрдугаар хэсгээс гуравдугаар хэсэг рүү орсон. Өглөө 08:00 цагийн үед Бээжинд буусан. Сэрээтэр багш ачаагаа өгсөн нь дээр байдаг юм гээд тээшийн хэсэгт очиход нээгдээгүй байсан. Хүүхдүүдтэйгээ хоол идье гэхэд миний цүнхний урд хэсэгт өөрийн 200 доллар, 400 гаруй юань, монгол мөнгө байснаас 200 доллар нь байхгүй болчихсон, монгол мөнгө, юань нь үлдсэн байсан. Хүүхдүүдийг та нар тоглож байгаа юм биш биз гэсэн чинь миний царайг харснаа “Багшаа та тоглоод байгаа юм биш биздээ” гэсэн.
Тэгээд цүнхээ уудлаад үзэхэд Бэхээгийн мөнгө миний билетийн завсар байсан. Гаргаад хартал хөвсийгөөд сонин байсан. Яагаад гэвэл манай тамирчин дандаа шинэ доллараар шагнуулсан юм. Гарт сонин баригдахаар нь гаргаад үзтэл зуутын долларын засвар баахан нэгтийн доллар хийчихсэн байсан. Тэгээд монгол очоод шалгуулахаар болсон. Одоо цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Тамирчны нэг төрийг унагаж, сэтгэл зүйн гүн дарамт учруулсан ийм хэрэг гарчээ. Хэргийн үнэн мөнийг тогтоохоор Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ