Үндсэн хуулийг үгүйсгэхээ хэзээ болих вэ?
2015-12-03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтэд  хийсэн УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ.  Ерөнхийлөгчийн хоригт  “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр  шүүхийг дагнан байгуулж болно. ...” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай болон Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулиудыг баталсан билээ.   Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт, түүнийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болон бусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд энэ зардлыг тусгаагүй зэрэг нь тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, цаашлаад шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна. Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд хориг тавьж байна” гэжээ.

 

Улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй байгаа өнөө үед анхан болон давж заалдах шатны шүүхийг аймаг, дүүрэг тус бүрт байгуулах нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт, эрсдлийг бий болгохоор байна.

 

Аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт анхан шатны шүүхийг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор байгуулах нь дээр дурьдсан санхүүжилт байхгүйн улмаас эдийн засгийн хувьд боломжгүй бөгөөд энэ өдрөөс өмнө төсвийн тодотголоор нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх, зохион байгуулалтын хувьд богино хугацаанд хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломж хомс байгаа нь шүүхийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг явуулахад бодит эрсдэл учруулахаар байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ.Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэн байна.  Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-АИХ-ын депутат байж, Үндсэн хууль батлалцаж дарга, гишүүн байсан Р.Гончигдорж, Л.Цог  нар байна.  Үндсэн хуулинд Шүүх эрх мэдлийн бүлэг яаж баталсныг санаарай. Тэр үед Хуульзүйн сайд байж шүүх эрх мэдлийн бүлгийг толгойлж байсан А.Амарсанаа, гишүүн  П.Очирбат нар ҮХЦ-д байгаа. Надад тэр үед шүүх эрх мэдлийн талаар баталцсан протокол байж байна. Цэргийн, төмөр замын шүүх байх тухай хоёр асуудлаар л маргалдсан. Тэр үед би Хуульзүйн тэргүүн сайд байсан болохоор бага хурлын хуралдаанд оролцож байсан түүхтэй. Хуульзүйн байнгын хорооны дүгнэлтээс харахад Ерөнхийлөгчийн хоригийг хүчээр хүлээж авах юм шиг байна. Хуулийг хэт үгүйсгэх үзэл Монгол төрийн өндөр түвшинд хэвийн үзэгдэл болж байгаад харамсаж байна. УИХ нь Ерөнхийлөгчтэйгээ нийлээд ҮХЦ-ийн дүгнэлтээ үгүйсгээд байна. Ийм зүйл байж болох уу. Энэ чинь явсаар байгаад улс орныг төргүй, засаггүй болгоод байгаа.

 

АН, МАН-ыг түүхийн шалгуураар гарч ирдэг гэж зарим хүмүүсийн хэлдэгтэй санал нэг байна. Гэхдээ АН-аас гарч ирсэн нөхөд Үндсэн хуулийг хэт үгүйсгэдгээ хэзээ болих вэ. Цаашид Үндсэн хуулийн эсрэг улаан цайм хуйвалдаан зохиож болохгүй. Танай нам  татан буугдах болоод байна. Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэхажиллагаанд хөндлөнгөөс оролцлоо шүү.  Ерөнхийлөгчийн зөвлөх Өнөрбаяр Үндсэн хууль яаж батлагдсаныг ч мэдэхгүй, тэр үед Их дэлгүүрийн хажууд тэвэг өшиглөөд явж байсан байх.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх талд саналтай байна. Хэлбэрийн хувьд УИХ-ын тогтоолд хориг тавьсан боловч цаад агуулга нь ҮХЦ-ийн шийдвэрт хориг тавиад байна.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Ерөнхийлөгчийн хориг ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Шууд утгаараа ҮХЦ-ийн шийдвэрт хориг тавьсан байгаа гэсэн үг. Энэ хоригийг хэлэлцэж байхдаа гишүүд анхаарал тавиач ээ. ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хүлээж авчихаад одоо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах гээд байгаад нь гайхаж байна. Өмнө нь Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Одоо ҮХЦ-ийн шийдвэр хараат байна гэдэг засаглал руу орж байна шүү. Цэцийн шийдвэрт хориг тавьж байгаа нь процедурын алдаа болжээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
gagarin:
Shudarga hvn txrd heregtei menge
2015-12-03
gagarin:
Menge ok
2015-12-03