Банкууд хашааны газарт зээл өгч үзээгүй
2015-12-03

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Уг хуулиар газрын барьцаалах асуудлыг тусгасан байлаа. Үүнийг ҮХЦ хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Гэр хорооллын иргэд хамгийн түрүүн газраа барьцаанд тавьж, зээлээ авдаг. Зээлээрээ хүүхдийн сургалтын төлбөрөө ч хийдэг. Газрыг барьцаанд тавьсанаар шууд гадаадын иргэнийх болчихгүй. Ийм зүйл хуульд байхгүй. Шүүхээс гадуур газрыг дуудлага худалдаагаар худалдаж болохгүй гэсэн. Гэр хороололд байгаа иргэд газар, хашаа байшингаа барьцаалж зээл авч байгаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Өнөөдөр баригдсан орон сууцыг иргэд худалдаж авч чадахгүй байна. Газрын асуудлыг  бид маш нухацтай ярьж хэлэлцэх хэрэгтэй. Буруу биш. Энэ удаагийн Цэцийн шийдвэрийг дэмжээд явах нь зүйтэй  гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяр:

-Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчөөд байна. Гадаадын компани газар өмчлөх эрх нь Үндсэн хуулиар хориотой. Улаанбаатар хотод маш олон барилга баригдаж байгаа мөртлөө гэр хорооллынхон буурахгүй л байгаа. Иргэд найман хувийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа. ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авбал гэр хорооллынхон  хашаа байшингаа сайжруулах дэд бүтэцтэй болох асуудлыг хориглосон хууль болно. Энэ боломжийг хааж болохгүй. Банкууд гэрээ хийхдээ нэг талыг барьсан хийсэн гэрээ хийж байгаа бол Гэрээний хууль гэж гаргаад хоёр талын эрх ашгийг хангах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Арвин:

-Энэ бол иргэдийн хүсэн хүлээсэн хуулийн нэг. Хүн бүр банкинд газраа тавиад зээл авах боломж байхгүй. Өнөөдөр энэ хуулиар  хашааны газарт байшин барих боломж бүрдээд байна. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт дулааны шугам ирлээ, гэтэл газартаа байшин барья гэхээр банк зээл өгөхгүй байна. Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр шийдэгддэг асуудал байхгүй. Шүүхийн шийдвэр шүүх хурал хийгээгүй тохиолдол гарахгүй. Банк хашааны газарт зээл өгч үзээгүй.  Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах сайн хууль гэдгийг бодолцох хэрэгтэй гэсэн юм.

 

Гишүүд ийнхүү байр сууриа илэрхийллээ. Харин ҮХЦ-ийн дүгнэлттэй холбогдуулан МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах  горимын санал гаргаснаар энэ асуудал өндөрлөлөө. Одоо Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
.
2015-12-04
Зочин:
Гадны банкууд орж ирэх учираас урьдчилан бэлдсэнөгөөш Хятадын банк газарыг дуртайяаа барьцаалаад хүссэн зээлийг чинь өгнө харин дараа нь үл маргах замаар газараа алдна гэсэн үг
2015-12-03
хммим:
арвин гишүүн худлаа ярьж байна. газар барьцаалж зээл өгдөг шүү
2015-12-03