“Зөвлөлдөх санал асуулга”-д 400 иргэн оролцоно
2015-12-03

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран Улаанбаатар хотод анх удаа “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгыг энэ сарын 12,13-ны өдөр зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Стэнфордын их сургуулийн зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар нар хэвлэлийн хурал хийв.

 

Азийн сан болон бусад мэргэжлийн байгууллагаас 1500 иргэний дунд хараат бус судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан иргэдээс, санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 400 хүнийг сонгож Төрийн ордонд болох санал асуулгад оролцуулах юм байна. Сонгогдсон иргэд нийслэлээс хэрэгжүүлэх урт хугацааны 14 томоохон төсөл хөтөлбөртэй танилцана. Мөн аль бүтээн байгуулалтыг нэн тэргүүнд эхлүүлэх тухай саналаа нийслэлийн удирдлагуудад хүргэх аж. Ингэснээр Улаанбаатар хотыг дарга нар биш иргэд нь удирддаг тогтолцоонд шилжинэ гэдгийг НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун хэлэв.

 

Стэнфордын их сургуулийн зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар “Энэ санал асуулга бол ард иргэдийн оролцоотой шийдвэр гаргах хамгийн мэргэн арга, аргачилал гэж үзэж байна. Иргэдийн оролцоотой шийдвэр гаргана гэдэг бол ардчилал мөн” хэмээв. Мөн тэрбээр нам, улс төрийн шинж чанаргүй, зөвхөн улс орон, нийслэлийн эрх ашгийн төлөө хийж байгаа ажил гэдгийг онцлон тэмдэглэх нь  зүйтэй гэдгийг хэлж байлаа.

 

“Зөвлөлдөх санал асуулга”-аар дараахь 14 төслийг танилцуулж,  иргэдээс санал авах юм.

  • Улаанбаатар метро
  • Туул усан сан цогцолбор
  • Туулын хурдны зам
  • Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк
  • Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
  • Эко парк байгуулах
  • Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах
  • Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт
  • Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах
  • “Бага тойруу”-ын хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах
  • Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах
  • Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах
  • Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин