Хувьчлалын эсрэг эцэг эхчүүдийн тэмцэл үргэлжилнэ
2015-12-08

 

НИТХ-ын арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар ирэх оны өмч хувьчлалд Хүүхдийн урлан бүтээх төв, Хөрөнгийн бирж зэрэг 19 байгууллагыг хамруулахаар болсон. Ингэснээр дээрх байгууллагыг дуудлага худалдаагаар зарах шийдвэр гараад байгаа. Уг шийдвэрийг эсэргүүцэж, Хүүхдийн урлан бүтээх төвийн эцэг эх, багш сурагчид өнгөрсөн амралтын өдөр тайван жагсаал хийсэн. Өчигдөр дахин жагсаал хийх тухай зарласан ч эцэг эхчүүд цуглаагүй юм. Харин эцэг эхийн зөвлөлийн гишүүд тус төвийн захиралд баримт бичиг танилцуулахаар ирсэн байв. Энэ үеэр эцэг эх болон багш ажилчдаас дараах тодруулгыг авлаа.

 

 

/Эцэг эхийн зөвлөлийн дарга/ Т.Сайнзаяа: Засварын ажил хийгээд л болох барилгыг заавал хувьчлах шаардлага байхгүй

 

-Манай хүүхэд энэ төвийн шүрэн урлалийн хоёрдугаар ангид суралцдаг. Хичээлдээ их дуртай. Барилгын хувьд цууралт өгсөн, засвар хийх шаардлагатай болсон ч насжилтын хугацаа дуусах болоогүй юм билээ. Засварын ажил хийгээд л болох барилгаа заавал хувьчлах шаардлага байхгүй. Өнгөрсөн амралтын өдөр 80 гаруй эцэг эх нэгдэн тайван жагсаал зохион байгуулсан. Одоо надад эсэргүүцэж жагссан 84 хүний гарын үсэг байна.

 

Миний бодлоор Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчилж болохгүй. Хамгийн гол нь үнэ төлбөргүй сургалт явуулдаг гэдгээр маш том давуу талтай. Бусад сургалтын төвийн, төгөлдөр хуурын ангийн хамгийн хямд төлбөр гэхэд дор хаяж 350 мянган төгрөг юм билээ. Тэгэхээр үр хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлэхийн төлөө, үнэ төлбөргүй сургахын тулд цаашдаа эцэг эхчүүд биди албан ёсоор тэмцэнэ.

 

 

/Хүүхдийн урлан бүтээх төвийн сургалтын менежер/ М.Энхтуяа: Хүүхдүүд маань гудамжинд гарах вий гэж  эмзэглэж байна

 

-Энэ маш буруу шийдвэр гэж манай хамт олон үзэж байгаа. Бид нараас хэн ч хувьчлах уу, хувьчлахгүй юу гэж санал бодол сонсоогүй. Бид арваннэгдүгээр сарын 25-нд л хувьчлах тухай асуудал яригдсаныг мэдсэн. Тэгээд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулгад 49 ажилтны гарын үсэг бүхий хүсэлтээ тавьсан байгаа. Гэсэн хэдий ч одоог хүртэл хариу ирүүлээгүй. Яах нь мэдэгдэхгүй хий дэмий эцэг эхчүүд, ажилчид бид бухимдаад л байж байна. Манай сургалт үнэ төлбөргүй.

 

Хувьчлагдаад, хувь хүн авлаа гэхэд ашгаа бодоод төлбөртэй л сургалт явуулна. Тэгэхээр 1415 хүүхэд хаана очих вэ гэдэг асуудал гарч ирэх юм. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газаргүй болоод хүүхдүүд гудамжинд гарах вий гэдэгт ажилчид бид эмзэглэж байна. НИТХ-аар манай байгууллагыг 10-хан дугуйлантай 600 гаруй хүүхэд суралцдаг, ашгийн бус, үйл ажиллагаа нь доголдолтой зэрэг асуудлыг хөндөж ярьж байна лээ. Манайх 23 дугуйлантай, 1415 хүүхэд суралцдаг.

 

 

/Хүүхдийн урлан бүтээх төвийн аргазүйч багш/ Ж.Анхболд: Хүүхдүүд чөлөөт цагаараа авьяас чадвараа хөгжүүлэх газаргүй л болно

 

-Манайд суралцаж буй хүүхдүүд 7 хоногт хоёр удаа 4 цагаар хичээллэдэг. 4-5 жил суралцаж сертификаттай төгсдөг. Хүүхдийн авьяас чадварыг жинхэнэ утгаар нь хөгжүүлдэг байгууллага шүү дээ. Хүүхдийн эрх ашгийг хамгаалсан, хүүхдийг хөгжүүлэх ганц байгууллагаа хувьчилна гэхээр ойлгохгүй байна. Нийслэлийн хүүхдүүд чөлөөт цагаараа авьяас чадвараа хөгжүүлэх газаргүй болно гэсэн үг шүү дээ. Тийм болохоор хувьчлалын эсрэг л саналтай байна.

 

Тус төв нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, амьдралын арга ухаанд сургах, гар урлал, чимэглэх урлагийн төрөл зүйлийг зааж, дугуйлан хэлбэрээр хөдөлмөр гоо зүйн хүмүүжил олгодог. Нийслэлийн 6 дүүргийн ерөнхий боловсролын 121 сургуулийн 1415 хүүхэд үнэ төлбөргүй суралцдаг гэнэ. Уран зураг, сийлбэр, баримал, бэлэг дурсгал, сүрлэн наамал, сүлжмэл, гар урлал, техник, технологи зэрэг 16 төрлийн 23 дугуйлантай. Нийт 49 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
kkkkk:
odoo songuuli duhuud husagdah ni todorhoi nuhduud tsaij bna daa
2015-12-09
bataa:
Batuui novshoo chi odoo bolnoo nuuren deeree ard tumen gej yariad tsaanaa dandaa khakhuul avsan novsh shy dee
2015-12-08
Fgjjj:
ta nar ingej duraaraa zagnahaa bolitsgoo. Niislel omchoo medeh blgui.
2015-12-08
Зочин:
Ene baishin nurval ta nar hariutslaga uurne gedegee shuud helchih, tegvel hamaa alga..
2015-12-08