Монголын анхны хиймэл дагуулыг бүтээнэ
2015-12-08

Гэрэл зургийг MPA.MN

 

“Сансар дахь бидний мөрөөдөл” ТББ, Монголын хүүхэд залуустай хамтран дэлхийн хиймэл дагуул бүтээх зорилгоор “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийг 2013 онд эхлүүлжээ. Төслийн хүрээнд сансар, роботикс, хиймэл дагуулын технологийг Монгол Улсад нэвтрүүлэхээр шат шатны үйл ажиллагааг явуулж байна. Ирэх оны дөрөвдүгээр сараас Японы “Jaxa” сансрын агентлагийн хиймэл дагуултай холбоо тогтоох удаан хугацааны төслийг эхлүүлэхээр болсон бөгөөд анхны туршилтыг өнгөрсөн шөнө хийлээ. 00:39 цагийн орчимд Улаанбаатарын тэнгэрээр зүүн зүгт нисэн өнгөрсөн Японы “Alos2” хиймэл дагуултай Монгол хүүхдүүд өөрсдийн бүтээсэн төхөөрөмжөөр Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайгаас холбогдсон юм. Энэ үеэр багш, сурагчдын сэтгэгдлийн сонслоо.

 

Гэрэл зургийг MPA.MN ШУТИС-ийн Технологийн дээд сургуулийн захирал А.Ганбаяр: Монголын анхны хиймэл дагуулыг бүтээнэ

 

-00:39 болоход 7 минут үлдсэн байна. Сансрын хиймэл дагуултай хэрхэн холбогдох вэ?

 

-Японы сансрын хүрээлэнгийн “Alos2” гэдэг хиймэл дагуул нь цахилгаан соронзон долгионы камертай соронзон долгион юм. Энд байрлуулсан байгаа төхөөрөмжүүд төмөр тороор хийгдсэн. Сансраас долгион буулгана. Долгионыг өөртөө хүлээж аваад од мэт гэрэлтэх учиртай. Яг тэр үед Улаанбаатрын тэнгэр дээгүүр өнгөрч байгаа Японы хиймэл дагуулын соронзон долгионы камерт энэ төхөөрөмжүүд жижигхэн цэг болж харагдах бөгөөд зураг нь дарагдах учиртай. Зургийг Японы сансрын хүрээлэнгээс боловсруулаад бидэнд илгээнэ. Ингэснээр энэ хүүхдүүд онолоор сурсан зүйлээ бодитоор харах боломжтой болно гэсэн үг л дээ.

 

-Тэгэхээр бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүй гэсэн үг үү? Холбогдоно гэхээр дохио ирэх болов уу гэж бодож байлаа.

 

-Бидэнд юу ч мэдрэгдэхгүй. Хүн харахад худлаа санагдаж болох юм. Харин 650 км-ийн алсаас төхөөрөмжийн зураг дарагдана. Тэр зургийг бодитоор харна гэдэг энэ хүүхдүүдэд маш том практик болох юм. Үндсэндээ цахилгаан соронзон долгионы онолыг бодитоор тайлбарлахад л өнөөдрийн энэ үйл ажиллагааны зорилго оршиж байна. Энэ хүүхдүүд одоо цахилгаан соронзон долгионы хичээл үзэж байгаа. Цэг болж харагдана гэдгийг нь ойлгож байгаа.

 

-Амжилттай холбогдоно гэдэгт та итгэлтэй байна уу?

 

-Японы сансрын хүрээлэнгээс гурван удаа дунд сургуулийн сурагчдаар төхөөрөмж бүтээлгэж туршиж байсан юм билээ. Манайд анх удаа ахлах сургуулийн сурагчид, оюутан залуустай хамтран хэрэгжүүллээ. Холбогдож чадна гэдэгт итгэлтэй байна.

 

- “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийн хүрээнд цаашдаа ямар ажлуудыг хийх вэ?

 

-Хүүхдүүд одоо хийх аргачлалыг нь мэдчихсэн. Мөн сансрын технологи бол хол зүйл биш. Бид ойрхоноос сансартай холбогдож болно гэдэг ойлголт, сэтгэхүйд нь суусан болов уу. Цаашдаа бид хүүхэд, залуучуудын оролцоотойгоор Монголын анхны хиймэл дагуулыг бүтээнэ. Мөн сансрын технологи гэдэг ойрхон юм шүү гэдгийг дунд сургуулийн хүүхдүүдэд зааж сургана даа.

 

Гэрэл зургийг MPA.MN  “Монгол Коосэн” сургуулийн II ангийн сурагч М.Тэмүүлэн: Нэг зорилгын төлөө зүрх сэтгэлээрээ нэгдэж сурлаа

 

-Төхөөрөмжийг хэдий хэр хугацаанд, хэрхэн  бүтээв ээ?

 

-Бид 6-7-уулаа нэгдэж хийсэн байгаа. Нэг хүнээс 20 мянган төгрөг хурааж барилгын материал худалдан авч төхөөрөмжийг бүтээлээ. Усны хоолойг хооронд нь углуургадаж залгаад, хөнгөн цагаан төмрөөр торлосон байгаа. Төмөр, хөнгөн цагаан нь цахилгаан соронзон долгионыг маш сайн хүлээж авдаг. Хоёр долоо хоногийн хугацаанд хийж дууссан. Энэ хугацаанд бид сансрын хиймэл дагуулын тухай ойлголттой болсноос гадна хамгийн чухал нь нэг баг болон хамтарч ажиллаж, нэг зорилгын төлөө зүрх сэтгэлээрээ нэгдэж сурлаа.  

 

-3 минутын дараа сурсан зүйлээ бататгах гэж байна шүү дээ. Догдолж байна уу?

 

 -Догдолж байна. Олон хоногийн хичээл зүтгэлийн үр дүнгээ мэдэрнэ гэхээр сайхан байна. Богино хугацаанд бид энэхүү хүлээн авах төхөөрөмжийг бүтээсэн.  Энэ хугацаанд хиймэл дагуул гэж юу байдаг, хэрхэн харилцаа тогтоодог, дохио, долгион зэрэг олон зүйл суралцсан. Сэтгэгдэл өндөр байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин