ЕБС-ийн сурагчид мансууруулах бодис хэрэглэжээ
2015-12-08

Ерөнхий  боловсролын сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах бодис хэрэглэжээ. ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс “Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна” гэх мэдээллийг шалгахад 12 дугаар ангийн сурагч “Г”, “Т”, “Х” нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисийг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсан болох нь тогтоогджээ.

 

Эдгээр сурагчид нь 17-18 насныхан байжээ. Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 192 дүгээр зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хар тамхины хор хөнөөлийг сурталчлах зорилгоор зөрчил гаргасан сургуулийн 113 сурагчид ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс нэг цагийн сургалт зохион байгуулж, сургуулийн захиргаанд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

 

ICE-ийг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулан, хэрэглэж  байжээ

 

ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс “БГД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодис зарж борлуулан, хэрэглэж байна” гэх мэдээллийг энэ сарын 2-ны өдөр шалгахад Монгол Улсын иргэн “С”, “О”, “Э” нар нь бүлэглэн  хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох  ICE /Мөс/-ийг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулан, хэрэглэж  байсан  болох нь тогтоогджээ.

 

Хэргийн газраас ICE буюу МӨС, Гашиш, Экстази болон мансууруулах бодис хэрэглэхэд ашиглагддаг эд зүйлс илэрч хураагдсан байна. Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

 

Мөн тус хэрэгт холбогдсон иргэн “С”, “Э”нар нь  Эрүүгийн хуулийн 192.1, 192.3.4-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан прокурорын хяналтанд байх хугацаандаа дахин хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо гэж албаны эх сурвалж мэдээллээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин