“Зүрх судасны төв” төслийг 2017 онд хэрэгжүүлнэ
2015-12-09

 

 Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар өнөөдөр Люксембургийн Их Гүнт улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн  Эрхт  Элчин сайд Пол Штайнмэцийг хүлээн авч уулзлаа.  Манай улс Люксембургийн Их Гүнт Улсын эрүүл мэндийн салбарынхантай 2001-2016 онд хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Зүрх судасны төв” нэртэй төслийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан хоёр тал ийнхүү уулзалдсан юм. 

 

     Төслийн шинэ шатыг Люксембургийн хөгжлийн агентлагаар дамжуулан 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөснийг уулзалтын үеэр хоёр тал онцолж байв.  Гэхдээ шинэ шатанд хэрэгжүүлэх уг төслийг аль чиглэл, ямар санхүүжилтээр хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь Монгол Улсын Үндэсний Зүрхний төвийн бизнес төлөвлөгөө болон эхний байдлаар гарах үр дүн энэ бүгдийг тодорхойлох юм. Иймд ЭМСЯ-ны Зүрхний төвийн бизнес төлөвлөгөөг боловсруулах багийнхан ороод байна. 

 

    “Зүрх судасны төв” нэртэй 2001-2016 онд хэрэгжүүлж буй гурван үе шат бүхий төслийн хувьд холбогдох үр дүнгүүд гарсан байна. Тухайлбал, төслийн нэгдүгээр шатанд , Монгол Улсын анхны телемедицины сүлжээг үүсгэж чаджээ. Ингэснээр П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг болон зургаан аймгийн нэгдсэн эмнэлгийг хамруулж, орон нутгийн оношлогоо эмчилгээг сайжруулсан аж. Төслийн хоёрдугаар шатанд 2,341,300 еврог төслийг үргэлжлүүлэхэд, мөн 1,723,926 ам. долларыг эх барих, эмэгтэйчүүдийн салбарт алсын зайн анагаах ухааныг салбарлуулан хөгжүүлэхэд зориулан буцалтгүй тусламж болгон Люксембургийн Засгийн газраас олгосон байна.

 

 

     Ирэх 2016 онд дуусах төслийн гуравдугаар шатны зорилго нь Монгол Улсын нийт хүн амын зүрх судас, эх нярайн эрүүл мэндийг дэмжихэд хувь нэмэр оруулахад оршиж байгаа аж. Монгол улс Люксембургийн Их Гүнт Улсын эрүүл мэндийн салбарынхантай 2001-2016 онд хамтран ажиллаж, “Зүрх судасны төв” нэртэй гурван үе шат бүхий төслийг хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ үзүүлээд байна.

Shuud.mn
Сонин хачин