Британийн шинжээчдээс тусламж хүсчээ

Сирийн хилийн ойролцоо сүйрсэн байлдааны “Су 24” онгоцны хар хайрцагны бичлэгийг тайлахад Орос улс Британийн шинжээчдийн тусламж авахаар болжээ. Путин өчигдөр Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой утсаар ярих үедээ “Британийн шинжээчдийг эх орондоо урьсан” хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Хоёр орны удирдагчид Сирийн хямралын асуудлаар хэлэлцэж, өөрсдийн байр сууриа солилцжээ.
Орос болон Сирийн тусгай хүчнийхэн “Су 24” онгоцны хар хайрцагийг ослын газраас олж, Москвад руу илгээсэн билээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр хар хайрцагийг хүлээн авч, Путинд танилцуулсан юм. Тэрбээр хар хайрцагны бичлэгийг тайлахад Герман болон Францаас туслалцаа авах сонирхолтой байгаагаа “Россия 1” телевизэд тодруулга өгөх үеэрээ дурьджээ. Оросын шинжээчид хар хайрцагны бичлэгийг тайлж эхэлсэн гэдгийг сайд хэлсэн байна.
“Оросын “Су 24” онгоц манай улсын хилийг зөрчсөн” хэмээн Туркийн талаас мэдэгдээд байгаа. Харин ослоос амьд үлдсэн нисгэгч Константин Мурахтин “Сирийн газар нутгаар нислэг үйлдэж байсан. Туркчүүд сануулга өгөлгүйгээр гал нээсэн” гэсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ