Ажилгүй иргэдийн тоо буурчээ

Энэ оны эхний 11 сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулж Үндэсний статистикийн хорооноос хэвлэлийн хурал хийлээ. Хуралд ҮСХ-ны нэгдсэн бодлого хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг нар оролцов.
Оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 73 мянган эх амаржиж, 74 мянган хүүхэд төржээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Нялхсын эндэгдэл 1104 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 хувиар буурчээ.
Хөдөлмөрийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 41.6 мянган хүн буюу 12.8 хувиар буурсан байна. Бүртгэлтэй иргэдийн 60 гаруй хувийг 15-34 насны залуус, 56 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн судалгааг ҮСХ-ноос танилцууллаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сарынхаас 0.2 хувь, оны эхнээс 2.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувиар өссөн дүн гарчээ. Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны арваннэгдүгээр сарын эцэст 11.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 20.7 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 759.1 тэрбум төгрөг буюу 2 дахин өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл арваннэгдүгээр сарын эцэст 849.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 37.1 хувиар өссөн байна.
Монгол улс энэ оны эхний 11 сард дэлхийн 146 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7737.5 сая ам.доллар, үүнээс экспорт 4242.9 сая, импорт 3494.7 сая ам.доллар байна. Гадаад худалдааны ний бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 22 хувь буурч, үүнээс экспортын хэмжээ 18.2, импортын хэмжээ 27.7 хувиар тус тус буурчээ.
Улсын хэмжээнд энэ онд нийт 25 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 611 хэрэг буюу 2.5 хувиар буурчээ. Өмчлөх эрхийн болон аж ахуйн эсрэг хэрэг болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ