Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар, дэд дарга Н.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Тэд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаагийн хууль бус үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүсэлт хүргүүлж буйгаа мэдэгдэв.
Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь холбооны дэргэдэх Хяналтын хороотой хамтран гишүүн байгууллагуудынхаа ҮЭ-ийн хорооны санхүүгийн баримтад хяналт шалгалт явуулжээ. Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, Ш.Хажидмаа нь ҮЭ-ийн хорооны дансыг ашиглан их хэмжээний мөнгийг захиран зарцуулсан болох нь илэрсэн гэнэ. Тухайлбал, 2012 онд 1 сая 954 мянган төгрөг, 2013 онд 12 сая 440 мянган төгрөг, 2014 онд 17 сая 479 мянга, 2015 онд 39 сая 679 мянган төгрөг, нийт 71 сая 553 мянган төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар зарцуулсан тухай МЭМАҮЭ-иин холбооны дарга Б.Мягмар хэллээ. Тэрбээр “Энэ 71 сая төгрөг нь ҮЭ-ийн дансаар бус байгууллагын дансаар орж төрийн сангаар дамжуулан зарцуулагдах ёстой мөнгө байсан. Цаашлаад СХД-ын эрүүл мэндийн төвийн 60 жилийн ойд зориулах хандив нэрээр ажиллагсдын цалингаас 24 сая төгрөгийг бэлэн бусаар суутган ҮЭ-ийн татвар нэрээр шилжүүлэн, ойн үйл ажиллагаанд зарцуулсан байна” хэмээв.
Дээрх асуудлаар АТГ-т хандахаас гадна Ерөнхий сайд болон Нийслэлийн Засаг даргад албан шаардлага хүргүүлэхээр болжээ.
Г.Тэгшсүрэн