Эмэгтэйчүүд нэр дэвшиж, саналаа өглөө
2015-12-13

Саудын Араб улсад өчигдөр хот, орон нутгийн зөвлөлийн сонгууль зохион байгуулагдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ удаагийн сонгуулиар анх удаагаа эмэгтэйчүүд нэр дэвшиж, саналаа өгсөн байна. Сонгуульд 978 эмэгтэй нэр дэвшиж, 130 мянган эмэгтэй сонгогч саналаа өгчээ.

 

Сонгуулийн хорооноос “Ардчилсан, нээлттэй сонгуульд 5938 эрэгтэй нэр дэвшиж, 1.35 сая эрэгтэй сонгогч саналаа өгсөн. 6916 нэр дэвшигч 2100 суудлын төлөө өрсөлдөж байна” гэж мэдэгджээ. 1965-2005 оныг хүртэлх 40 жилийн хугцаанд тус улс ганц ч удаа сонгууль явуулаагүй юм.

 

Энэ онд таалал төгссөн эзэн хаан Абдулла 2006 онд эмэгтэйчүүдийг сонгуульд санал өгөхийг зөвшөөрсөн байна. Ийнхүү хааны зарлиг бүтэн есөн жилийн дараа хэрэгжиж, эмэгтэйчүүд анх удаагаа сонгуульд саналаа өгсөн байна.

 

Эмэгтэйчүүдийг төлөөлөн нэр дэвшиж буй Хатон аль Фасси “AFP” агентлагт “Эмэгтэйчүүд төрийн эрхэнд гарах цаг болсон. Бид эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх цаг ирлээ. Өнөөдрийг хүртэл эмэгтэйчүүд машин барьж, өндөр боловсрол эзэмшиж чадахгүй байна. Энэ буруу бодлогыг солих, халах цаг болсон” гэж хэлжээ.  

 

Анх удаагаа сонгууль өгч буй Анхари аль Сауран гэгч “Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүд хэд хэдэн удаа эрхийнхээ төлөө тэмцэж, жагссан. Өнөөдөр бидний зориг тэвчээрийн үр дүн гарч, бид сонгуулийн явцтай биечлэн танилцах боломжтой боллоо. Шударга бус явдал өнөөдрөөр дуусгавар болоосой” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин