Эмэгтэйчүүд сонгуульд ялалт байгууллаа
2015-12-14

Саудын Араб улсад энэ амралтын өдөр хот, орон нутгийн зөвлөлийн сонгууль зохион байгуулагдсан билээ. 2100 суудлын төлөө 6900 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн юм. Энэ удаагийн сонгууль эмэгтэйчүүдийн хувьд анхных гэдгээрээ олон улсын анхаарлыг татаж байна. Учир нь эмэгтэйчүүд түүхэндээ анх удаагаа сонгуульд нэр дэвшиж мөн саналаа өглөө.  

 

Орон нутгийн сонгуульд 978 эмэгтэй нэр дэвшиж, 130 мянган эмэгтэй саналаа өгсөн байна. Харин 5938 эрэгтэй нэр дэвшиж, 1.35 сая эрэгтэй саналаа өгчээ. Тус улсын Сонгуулийн хороо “Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн 978 эмэгтэй нэр дэвшигчээс 19 эмэгтэй ялалт байгууллаа” гэж мэдэгджээ.

 

“Судалгаагаар анх удаагаа саналаа өгсөн эмэгтэйчүүдийн 106 мянга буюу 82 хувь нь эмэгтэй нэр дэвшигчдэд саналаа өгсөн” хэмээн хорооны ажилтан Хамид мэдэгдсэн байна. Мекка мужийн Мадраках хотод ялалт байгуулсан Салма бинт Хизаб алт Отейби “Анх удаагаа эмэгтэй хүн өндөр албан тушаал хашихаар боллоо. Энэ өдрийг дэндүү удаан хүлээлээ” гэж хэлжээ.

 

Сонгуульд ялалт байгуулсан эмэгтэйчүүд “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаал” гэх зөвлөл байгуулахаар болсноо мэдэгдсэн байна. Тус улсад эмэгтэйчүүд жолоо барих, их дээд сургуульд сурах нь хаалттай байдаг юм. Хэдий Саудын Араб нефть болон байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлж буй баян чинээлэг улс ч эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчдөг арван улсын нэг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин