Туркийн усан онгоц руу галлажээ

Эгейн тэнгист ОХУ-ын “Сметливый” байлдааны хөлөг мөргөлдөхөөс сэргийлэн Туркийн загас агнуурын усан онгоц руу гал нээсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам “Туркийн усан онгоц, манай улсын байлдааны хөлөгтэй 600 метр ойртон ирсэн учир анхааруулах гал нээсэн” гэж мэдэгджээ.
Оросын хөлөг Грекийн Лесбос арлын ойролцоо ирэх үед Туркийн онгоц чиглэн ирж буйг анзаарч, олон удаа анхааруулга өгчээ. Оросууд, Туркийн онгоцны ахмадтай радиогоор холбоо тогтоохыг оролдсон ч бүтэлгүйтсэн учир аргагүйн эрхэнд гал нээсэн байна. Харин Туркийн онгоцны ахмад “Доган” агентлагт “Оросын байлдааны хөлөг гал нээснийг мэдээгүй” хэмээн ярьжээ.
Туркийн Гадаад хэргийн сайд Мэвлүт Чавушолу “Хоёр улсын харилцааг хурцадмал байдалд оруулж болзошгүй үйл явдал тохиолоо” гэсэн бол ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Үнэнг тогтоох болно” гэж мэдэгдсэн байна.
Сирийн хилийн ойролцоо сүйрсэн Оросын байлдааны “Су 24” онгоцны асуудлаас болж хоёр улсын харилцаа муудаад байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ