МАН асуудлыг гацаагаагүй
2015-12-14

МАН-ын бага хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдсан. Тус намын бага хурлын үр дүнгийн талаар МАН-ын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар  мэдээлэл хийж, сэтгүүлчдийн  сонирхсон асуултад хариулав.

 

-Нэр дэвшигчдээ яаж сонгохоор шийдвэр гарсан бэ? Өмнө нь хандив өгснөөр нь шийдэж ирсэн.

 

-Өмнө нь хандивын хэмжээгээр нэр дэвшүүлээд байсан практик манай намд байхгүй. Сонгууль дөхөхөөр хамгийн гарах магадлалтай хүн хэн байх вэ гэдэг дээр төвлөрч ажилладаг. Хэлэлцүүлгийн журам дээрээ намын анхан шатны байгууллага, орон нутгийн иргэдийн санал бодол ямар байна вэ гэдгийг үндэс суурь болгож авч үзнэ. Тэнд гарсан нэрс, иргэдэд танигдсан байдал, иргэд хүлээн зөвшөөрсөн байдал, зэргийг харгалзаж үзээд аймаг, нийслэлийн намын хороод дээр түүнийг нэгтгэж УИХ-д нэр дэвшигчдийг Удирдах зөвлөл, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг аймаг, нийслэлийн намын хороод дээр ярьж эцсийн шийдлийг гаргана.  Эцсийн шийдвэрийг гаргахдаа анхан шатанд хийгдсэн хэлэлцүүлэг, олон түмний санал бодол ямар байна вэ. Хоёрдугаарт, тухайн нэр дэвших хүн улс төрчийн хувьд тухайн тухайн сонгогдохоор өрсөлдөж байгаа хууль тогтоох юм уу орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шаардлагыг хэрхэн хангаж ажиллаж чадах хүн байна уу, энэ бүх талыг харгалзаж үзнэ. Судалгаа хийж байна, ямар байдлаар рейтинг нь өсч байна вэ, буурч байна вэ гэдгийг эцсийн байдлаар шийднэ. Ийм журам гарсан. Намын санхүүгийн хувьд УИХ-д байгаа суудлынхаа хэмжээгээр улсын төсвөөс тодорхой дэмжлэг авч байдаг. Нөгөөтэйгүүр, гишүүдийн татвар, хандив сонгуульд өгөхөд санхүүгээ бий болгож, сонгуулийн сурталчилгаа, дэвшүүлж тавьж байгаа бодлогоо олон нийтэд хүргэж ажиллана.

 

МАН-ын санхүү тодорхой байдаг. Гүйцэтгэх дээд байгууллагаараа жил болгоны төсөв, сонгуулийн жилийн төсвийг бүх талаас нь тооцож баталдаг. Өнөөдрийн хэрэгжиж байгаа Улс төрийн намын тухай хууль, санхүүгийн холбогдолтой хуулийн хүрээнд гарах ёстой бүх мэдээллийг гаргаж байдаг.  Угшил нэгтэй МАХН-ын тухайд бол арваннэгдүгээр сарын 4-нд хоёр намын ахмад гишүүд “Гарал үүсэл нэгтэй нам 2016 оны сонгуульд хамтарч орох ёстой, намын удирдлагууд энэ талаар ажиллах шаардплагатай байна” гэсэн өргөх бичгийг өгсөн. Манай намын хувьд 11 дүгээр сарын 25-нд 9 залуу намын удирдлагад “МАХН-тай нийлэх, эвсэх асуудалд тооцоотой судалгаатай, үндэслэл сайтай хандах ёстой. Юу, юугүй нийлэх ёстой гэж болохгүй. Удирдах зөвлөл аль алиныг нь ярилцсан. Хоёр намын удирдлагууд сүүлийн үед ярилцаж, санал солилцож байгаа. Сонгууль дөхөж байгаа учраас намын анхан дудн шатны гишүүд МАХН-ын гишүүдтэйгээ ярьж, ойлголцож байгаарай гэдэг үүрэг даалгавар өгөгдсөн байгаа.

 

-Бэлэн мөнгө тараасан шийдвэр хэр оновчтой байсан гэж бодож байна вэ? Намууд сонгуулиар бэлэн мөнгө амлаж, тараасан нь буруу гэж шүүмжилж байгаа.

 

-Тооцоо судалгаагүй, зорилго нь тодорхойгүй их хэмжээний мөнгө улс орны эдийн засгийг өөд нь татаж авч явах биш уруудан доройтуулж, буруутгадаг юм байна гэдэг үг хэлсэн. Үүнтэй холбоотой АН-ын дарга өмнө нь иргэн бүртээ 21 мянган төгрөг тооцоо судалгаагүй өгч, зарагдаж байсныг хэлсэн байдаг. Тухай, тухайн үедээ УИХ, Засгийн газар хүүхдэд, иргэдэд мөнгө өгөх асуудлыг шийдэж байсан.  Тэр үедээ 3 сая хүний ажил, амьдрал, амжиргаатай холбоотой асуудалд тус нэмэр болохоор шийдэж байсан. Төр, улс гэж байдаг бол иргэдийн амжиргаа ямар төвшинд байгааг судалж, мэдэж,  тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байх асуудал. Хүүхдийн мөнгө ч бай, иргэн бүрт 21 мянган төгрөг олгосон шийдвэрийг ч МАН дангаар эрх барьж байхдаа шийдвэрлэсэн зүйл биш. Тухайн үед өгөгдсөн мөнгө амьдралд нь ямар дэм болж байсныг иргэд хэлдэг. Амьдралд нь, эрхэлж байсан салбарт нь дэмжлэг болж байсан. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт үзүүлж байсан дэмжлэгүүд хэрэг болж байсныг ярьж байна. Өмнө нь олгогдож байсан мөнгөнүүд эдийн засаг, бизнесийн салбарыг дэмжсэн зүйлүүд байсан.   Зээл тавьж иргэдэд мөнгө олгохдоо тооцоо судалгааг бүгдийг хийсэн байлаа. Жишээлбэл, Тавантолгойн зүүн Цанхийн IV дэх үеийн нүүрсийг олборлож борлуулж дуустал 10 жилийн хугацаанд Хятадын Чалко компанид 1 тонн нүүрсийг 70 ам.доллараар зарахаар тусгасан байсан. Энэ бол 350 сая ам.долларыг эргэж төлөн хийгдэж байлаа. Гэтэл өнөөдрийн эрх баригчид  Монгол Улсад ашиггүй гэрээ болсон гэж гэрээлэгч талд асуудал тавьсаар байгаад хүчингүй болгосон. Өнөөдөр нүүрсийг 1 тонныг нь 18-20 ам.доллараар зарж байх жишээтэй.  Чингис, Самурай бондоор эдийн засаг бизнесийг дэмжсэн төслийг   3/1-д хүртэл тооцоо судалгаатай зарцуулаарай гэсэн шийдвэр өгсөн. Гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй зарцуулчихаад одоо жил гаруйнхны дараа зээлээ эргэж  төлөх болоод байна.

 

-МАН УИХ-д жагсаалтаа сонгогддог асуудалд ямар байр суурьтай байна вэ? Энэ долоо хоногт МАН-ын бүлэг байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцох уу?

 

-МАН УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад байсан зүйлгүй. УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэг тодорхой асуудал дээр завсарлага авч байгаа. Бид Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж байгаа. УИХ хэлэлцээд эхэлсэн асуудлаа тодорхой шалтгаангүйгээр зогсоож болохгүй. Тэр тусмаа тухайн асуудлын хэлэлцэх хугацаа нь дуусгавар болох гэж байгаа үед УИХ-ын дарга гэдэг хүн мэдээд, хаагаад байж болохгүй. Өнөөдөр сонгуулийн хуулийн ямар тогтолцоо Монголд таарахыг ард түмнээсээ асууя гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард санал гаргасан. МАН-ын саналыг хэлэлцэхгүй гэсэн.  Гурван жилийн өмнө байгуулагдсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг төслөө УИХ-д оруулж ирэхгүй байсан. Бид улс  төрийн 21 намтай хамтраад Сонгуулийн хуулийн төсөл боловсруулсан. АН-аас бусад намын төлөөллын гишүүд оролцсон төслөө өргөн барихад 3 жил ажилласан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг мөн төслөө өргөн барьсан. Бид асуудлыг өмнө нь түүчээлж  явахгүй бол  эрх баригчид хөдлөхгүй байна.  Монголын 22 улс төрийн хүчнээс ганцхан нам л сонгогчдын саналыг гараар тооллохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид  сонгогчдын санал хураалтыг хар машинаар тоолсныг гараар дахин нэг удаа баталгаажуулахгүй бол иргэд итгэхгүй байна. Төр иргэдийнхээ итгэл үнэмшлийг бий болгох ёстой. 

 

-МАН, МАХН хоёр нэгдэх талаар бага хурлын гишүүд ямар байр суурьтай байсан бол?

 

-Өнөөдөр хоёр нам нийлэх асуудлыг хэлэх боломжгүй. Өнөөдөр М.Энхболд, Н.Энхбаяр хоёрын шийдэх асуудал биш. Өнөөдөр тодорхой хариулт хэлэх боломжгүй байна. Бид өнөөгийн нөхцөл байдлыг бид харж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин