Хуулийнхныг шүүмжилсэн өргөдөл их иржээ

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус байнгын хороонд өнгөрсөн сард 200 гаруй өргөдөл ирсэн байна. Үүнээс шийдэх боломжтойг нь шийдвэрлэж, боломжгүйд нь хариу хүргүүлсэн байна. Тэрбээр:
“Тавантолгой” ХК-ийн ажил хаясан ажилчид ажилдаа орсон байгаа. Тус компанийн үйл ажиллагаа хэвийн болсон. Мөн Халх голын газрыг чөлөөт бүс болгох асуудалтай холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн. Засгийн газраас хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлээд байгаа. Өргөдлийн байнгын хороонд Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар маш их өргөдөл ирсэн. Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тогтоохыг иргэд өргөдөлдөө дурьдсан байсан. Уг залууд улсын баатар цолыг өгөх хүртэл санал гаргасан байгаа. Үүнийг шийдэхийн тулд ажиллана гэлээ.
Сүүлийн үед орон нутгийн хуулийн байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн өргөдөл ихээр ирэх болжээ. Тухайлбал орон нутгийн хууль хяналтын байгууллагууд ах дүү хамаатан саднуудын сүлжээ болж танилынхаа талд шийдвэр гаргадаг болсон гэх гомдлыг иргэд баримт, нотолгоотойгоор ирүүлэх болсон байна.
Өргөдлийн байнгын хороонд дөрвөн чиглэлийн өргөдөл ирдэг аж. Түүнд эмнэлгийн тусламж хүссэн, шагналд авахыг хүссэн, гэр, орон байр гуйсан, хууль хяналтын байгууллагыг буруушаасан өргөдөл гомдол багтдаг байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ