Газар өмчлөх өргөдлөө гар утсаараа өгч болно
2015-12-14

Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр 12.00 цагт эхэллээ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны I хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны II хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд газар өмчлүүлнэ. Иргэдийн өргөдлийг 15 хоногийн хугацаанд хүлээн авах бөгөөд энэ  сарын 29-ны өдрийн 12.00 цагт цахим систем автоматаар хаагдах юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас дараах тодруулгыг авлаа.

 

 

-Цахимаар газар өмчлүүлнэ гэдгийг та тодотгохгүй юу?

 

-Өмнөх 4 удаагийн газар өмчлөлийг бид цахимаар явуулсан. Үүнтэй адил, газар өмчлөх хүсэлтийг цахим системээр хүлээн авах юм. Нэг онцлог зүйл гэвэл, гар утасны ухаалаг төхөөрөмж ашиглан “Газар өмчлөл” мобайл аппликейшнаар өргөдлийг хүлээн авах боломжтой болоод байна. Энэхүү аппликэйшн нь нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж өргөдлөө илгээх боломжтой гэсэн үг.

 

-Энэ аппликейшныг гар утсандаа хэрхэн суулгах вэ?

 

-Android 4.4+, IOS 8+ үйлдлийн систем дээр нэгэн зэрэг ажиллана. Яаж суулгах вэ гэхээр “App store” болон “Google play store” аппликейшнээр дамжуулан татаж авна. Ингэхдээ “Газар өмчлөл” гэж хайлт хийж гар утсандаа үнэгүй суулгаж, ашиглах боломжтой. Өргөдөл бөглөхөөс гадна  нийслэлийн Өмчийн харилцааны газраас үзүүлдэг бүхий л үйлчилгээний талаарх мэдээллийг энэ аппликейшнаар дамжуулан, нэг дороос авах боломжтой юм.

 

-Одоо өмчлүүлэх дээрх газрыг дэд бүтэцжүүлэх боломжтой юу?

 

-Гудамжтай ойролцоо дэд бүтцийн ажлыг хийх, газрыг үнэлгээтэй болгох зэрэг дэд бүтэцжүүлэх бодлого барьж ажиллаж байна. Улсын төсвөөс үүнийг шийдэх хөрөнгө мөнгийг олгох ёстой. Гэвч эдийн засаг хүнд байна. Мөн Дэлхийн банк, Азийн банкнтай хамтран гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж дээрх асуудлыг шийдэх боломжтой.

 

-Өмчлөлөөр олгож байгаа газруудыг мөнгөн дүнгээр үнэлвэл?

 

-Өмчлөлөөр газар олгож байгаа нь иргэдийг өмчтэй болгож байна. Тэгэхээр 0,5 га гэдэг бол 6 сая 500 мянган төгрөгийн үнэтэй өмчийг иргэнд шилжүүлж байна гэсэн үг. Газраа барьцаалж, зарж борлуулж болно. Бас нэг давуу тал нь гэвэл иргэддээ газар өмчлүүлснээр хөдөө орон нутгаас шилжиж ирсэн иргэд хаа хамаагүй газар буухгүй. Газар болгон эзэнтэй болж байгаа сайн талтай. Мөн эрхзүйн боломж, нөхцөл нь бүрдвэл, ипотекийн зээлийн 30 хувийн 20 хувийг Засгийн газар даадаг. Үлдсэн 10 хувьд нь 6.5 сая төгрөгийн өртөгтэй газрыг нь барьцаанд авч болох юм. Энэ чиглэлийн ажлыг хийж байна.

 

-Өмнөх 4 удаагийн газар өмчлөлөөр хичнээн иргэн газартай болсон бэ?

 

-Нийслэлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, газар өмчлүүлэх хууль 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 90 мянга орчим иргэн газраа өмчилж авсан байна. Эдгээр иргэдийн 80 гаруй мянган нь хуучин эзэмшиж байсан газраа өмчилж авсан байдаг. Шинээр олголт хийгдэж, 10 мянга орчим иргэнд газар өмчлөлт явагдсан. Харин жил гаруйн хугацаанд буюу өмнөх 4 удаагийн газар өмчлөлийг, технологийн давуу талыг ашиглан цахимаар явуулж, 68 мянга 700 иргэнд газар өмчлүүлээд байгаа. Цахимаар газар өмчлүүлэх хууль 2018 он хүртэл сунгагдсан. Одоогоор хүсэлт ирүүлсэн 750 гаруй мянган иргэн байна. Нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь газар өмчилж авах хүсэлтэй байгаа нь эндээс харагдаж байна. Бид Нийслэлийн нэг сая 300 мянган иргэнд газар өмчлүүлэх ёстой.

 

-Ирэх жил хичнээн байршилд газар өмчлүүлэх вэ?

 

-Ирэх жил 68 байршлын 26 мянган га нэгж талбарт газар өмчлүүлнэ. НИТХ-аар батлагдсан бөгөөд кадастрын судалгаа, дэвсгэр зураг нь батлагдаад байгаа. Мөн Шаргаморьт, Шадивлан орчмын  зуслангийн газрыг өмчлөх ажлыг эхлүүлнэ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Mongol irgen:
2013 oni 5 sariin 30s hoino shiljij irsen hun yahiin be????????????????????????????
2015-12-14