Путин, Керри нар уулзлаа
2015-12-16

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Оросын удирдлагуудтай уулзахаар Москва хотноо хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр айлчлалынхаа эхэнд тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, цаг үеийн асуудлаар байр сууриа солилцсон юм.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр 15.45 цагийн орчимд Кремлийн ордондоо Керриг хүлээн авч уулзсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Тэд иргэний дайн дэгдэж, хэт даврагчдад ихэнх газар нутгаа алдаад буй Сири улсын асуудлаар ярилцсан байна.  Орос өнгөрсөн есдүгээр сараас хэт даврагчдад бие дааж цохилт өгч эхэлсэн.  АНУ, Оросын цэргийн ажиллагааг буруутгадаг бөгөөд Керри, Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Оросын цэргийн ажиллагаанаас болж Сирийн энгийн иргэд хохирогч болох нь ихэслээ” гэхэд Путин “Би энэ асуудалд анхаарлаа хандуулах болно” гэсэн байна.

 

Керригийн айлчлалын зорилго Путиний дэмжлэгтэй Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг сөрөг хүчин болон босогчидтой уулзуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Путин энэ тухай “Би Ассадтай энэ асуудлаар ярилцах болно. 2011 оноос хойш сөрөг хүчин Ассадын эсрэг тулалдах болсон. Одоо тэд нэгдсэн хүчээр эх орныг нь заналхийлж буй хэт даврагчидтай тулалдах ёстой” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин