Хүүхдүүд сургуульгүй байгаа нь хэний гай вэ
2015-12-17

 

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн актаар Хо-Ши-Миний нэрэмжит 14-р сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл өнөөдрийг хүртэл тус сургуулийн шинэ барилга баригдаагүй бөгөөд сурагчид, сургуулийн байрандаа хичээллэж чадахгүй 3 жил өнгөрчээ. Сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөлүүд дээрх асуудлаар БСШУЯ болон  НИТХ, Ерөнхийлөгчид удаа дараа шаардлага хүргүүлсэн байна. Гэвч хариу ирүүлээгүй учраас барилгын ажлыг яаравчлан гүйцэтгэхийг Засгийн газраас шаардаж, жагсаал зохион байгууллаа. Тэд дараах асуудлыг хэлж байв.

 

БЗД-ийн 13 дугаар хорооны иргэн Д.Батхуяг: Арга зам хайж л бид өнөөдөр жагсаж байна

 

-Манай хоёр хүүхэд, хол хол зайтай хоёр өөр сургуульд явж байна. Дараа жил дахиад нэг нэмэгдэнэ. Нэг нь энд бага сургуульдаа сурдаг. Харин  том хүү Шархадад байрлалтай 96 дугаар сургуульд суралцаж байгаа. Хоёр хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авч байтал л өдөр өнгөрч байна. 7-12 дугаар ангийн сурагчдын хичээл нь 16 цагт эхлээд орой 20:30 цагт тарж байна. Тэгээд хүүхэд маань гэртээ 21 цаг өнгөрөөж орж ирдэг. Ийм орой тарж байгаа юм чинь тосож авч, хүргэж өгөхгүй  л бол болохгүй шүү дээ. Бид нар удаа дараа л шаардлага тавьсан. Авч хэлэлцэхгүй өдий хүрлээ. Ирэх жилийн төсөв тодотголд ч оруулаагүй сурагтай. Тиймээс арга зам хайж л бид өнөөдөр жагсаж байна.

 

14-р сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Д.Сүхбаатар: Багш нар цалингаа таксинд өгөөд дуусч байна

 

-Өглөө 8:00 цагаас орой  20:00 цаг хүртэл ээлжээр орж хэтэрхий орой тарж байгаа нь бага насны хүүхдүүд оройн цагаар явж байгаад гэмт халдлагад өртөх орчин нөхцлийг бүрдүүлж байна. 14 дүгээр сургуулийн үйл ажиллагааг зогсоох акт гарахад нийт 2778 сурагчтай байсан. Гэтэл сургуулийн орчин нөхцөл муудсантай холбоотойгоор 300 гаруй хүүхэд шилжсэн. Дан ганц сурагчдад хүндрэлтэй асуудал байгаагаас гадна багш нар 3 сургуулийн дунд явж хичээлээ амжиж заахын тулд байнга таксидаж байна. Багш нар хэдэн төгрөгийн цалин авдаг билээ. Авсан багахан цалингаа таксинд  өгөөд дуусч байна шүү дээ. Мөн 53 дугаар сургуулийн багш нар өөрсдийн ажлын өрөөгөө анги танхим болгоод өгчихсөн. Кордортоо ажлаа хийж байна. Тэгэхээр ганц 14 дүгээр сургуулийн асуудал биш болоод байгааг хэлмээр байна.

 

БЗД-ийн 13 дугаар хорооны иргэн Б.Нарантуяа: Хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна

 

-Манай хүүхэд 7 дугаар ангид сурдаг. Өөрийн гэсэн анги танхим байхгүй учраас техник технологийн хичээлүүд нь бүр орохгүй байгаа гэсэн. Уг нь манай хүүхэд тэр хичээлдээ илүү сонирхолтой, дуртай байсан юм. Эндээс харахад хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловрох эрх бүрэн зөрчигдөж байна шүү дээ. Тийм болохоор асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг шаардаж байна.

 

Долоо хоногт хоёр удаа ордог байсан биеийн тамирын хичээл 14 хоногт нэг цаг орж,  англи болон орос хэлээр хуваагдаж ордог хичээлүүд тусдаа орох боломжгүй болжээ. Лабораторид ордог болох байгалийн ухаан болон хөдөлмөрийн хичээлүүд орхигдоод байгаа юм байна. Дан ганц 14 дүгээр сургууль бус 44, 53, 96 дугаар сургуулийн сургалтын үйл ажиллагаанд хүндрэл учирч байгаа талаар багш, эцэг эхчүүд хэлж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ардын хүүхдүүд хэцүүдлээ, шоугаа болиод сургуулийг нь бариачээ. Арвин чадахгүй байж энэ асуудлыг сунжруулах хэрэггүй ш дээ. Дахин сонгогдоно гэж зүүдлээд яахав дээ.
2015-12-17