Зургаан хүүхэд гал түймэрт өртөж нас барав
2015-12-17

Долоохон хоногийн хугацаанд гал түймрийн хар гайгаар зургаан хүүхдийн алтан амь эрсэджээ. Гал, усны гашуун зовлон хэлж ирдэггүй гэдэг ч бидэнд үүнээс урьдчилан сэргийлэх боломж бий. Эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүй байдал, хайнга үйлдлээс хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

 

Нийслэлийн Онцгой байдлын газарт зөвхөн 12 дугаар сарын байдлаар гал түймрийн 105 дуудлага иржээ.

 

Дуудлагын дийлэнх хувийг гэр хорооллын гэр байшин, хогийн цэг, хогийн сувагт гарч байгаа гал түймэр эзэлж байна. Мэргэжлийн байгууллагаас аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлэг хүргэж байгаа хэдий ч иргэд, эцэг, эхчүүд, томчуудын анхаарал болгоомжгүйгээс болж бага насны хүүхэд гал түймэрт өртөж амь насаа алдаж байгааг НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар хэллээ.

 

Өнгөрөгч шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт монгол гэр шатаж 12 настай эмэгтэй хүүхэд галд өртөж нас барсан харамсалтай явдал болсон. Энэ сарын 12-нд Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны Ногоочдын гудамжинд таван ханатай гэр бүрэн шатаж гал түймэрт 2-16 насны гурван хүүхэд өртөж амиа алдсан. Эцэг, эх нь галаас амьд гараад хүүхдээ аварч чадаагүй алдсан гэх мэт зүрх шимшрэм тохиолдлууд гарсан байна.

 

Гал түймэр гарч байгаагийн шалтгаан нь хүйтний эрч чангарч монгол гэрт амьдардаг айл өрхийн галлагаа нэмэгдэж байгаатай холбоотой. Айлууд пийшин зуухаа буруу галлах, шатах материалтай хэтэрхий ойрхон тавих, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй зэргээс болдог гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.

 

Мөн өнгөрөгч долоо хоногт гал түймэрт өртөж угаартаж, гэмтсэн долоон хүнийг онцгой байдлын алба хаагчид аварч, эмнэлгийн байгууллагад шилжүүлжээ. Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гал түлэхээр оролдсон, цахилгаан зуухан дээр савтай эд зүйл тавьж удаан хугацаанд орхисноос угаартах нөхцөл үүссэн байсныг ч хэлж байсан. Өөрийн эд хөрөнгө, амь насаа аюулаас хамгаалахын тулд галын аюулгүй байдлыг хангаж, гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг шалгах, мэргэжлийн хүнээр холболт хийлгэх, тийм боломжгүй тохиолдолд харьяа дүүргийнхээ онцгой байдлын газарт хандаж үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ авч болохыг ч зөвлөлөө.

 

Түүнчлэн хүүхдээ харгалзах хүнгүйгээр хараа хяналтгүй орхихгүй байж хөлдөх осгох, галд өртөх, зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах хэрэгтэй. Тун удахгүй сурагчдын амралт эхэлнэ. Энэ үеэр эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав. Шинэ жилийн баяр дөхөж айл бүр гэртээ гацуур засаж, өнгө өнгийн гэрлээр чимэглэж байна. Ингэхдээ гэрлэн чимэглэлийн чанар, стандарт, цахилгаан холболт зэргийг нь анхаарахгүй бол шаардлага хангаагүй гэрлэн чимэглэл гал түймэр үүсгэх эрсдэлтэй аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
UM MAANII BAD ME HUM
2021-02-07