Улаанбаатар хотод 443 279 тээврийн хэрэгсэл байна
2015-12-18

 

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах” ажлын хэсгийг  нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр ахалдаг бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Захирагчийн ажлын алба,нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар,  нийслэлийн Автозамын газар, Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв гэх мэт холбогдох газрын дарга, хариуцсан мэргэжилтнүүд байдаг юм.
Тус ажлын хэсгийн судалснаар Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж замын хөдөлгөөний ачаалал ихэсжээ.
Тодруулбал,  Энэ оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд 719 343 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 68,6 хувь буюу 443 279 нь  нийслэл хотод, 31,8 хувь  буюу 276064 нь орон нутагт бүртгэлтэй байгаа юм.  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын судалгаанаас харахад өнгөрсөн жил Улаанбаатар хотод 411 325 тээврийн хэрэгслэл байсан бол, 2013 онд 321 347  тээврийн хэрэгслэл бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, зам тээврийн ослыг бууруулах зорилгоор нийслэлээс цогц хөтөлбөр боловсруулан 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  Үүний нэг нь дүрмийн бус газар зогсолт хийсэн, замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг ачиж, зөөж шилжүүлэх, дугуйг түгжих арга хэмжээ байсан юм.
2014 оноос эхлэн Замын цагдаагийн газартай долоон аж ахуйн нэгж гэрээ байгуулан замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бусдын хөдөлгөөнд саад болж зогссон тээврийн хэрэгслүүдийг ачиж журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласнаар замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, саатал үүсдэг байдал 20 хувиар буурч, гудамж замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 15 хувиар нэмэгдсэн байна.
Харин нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг зөөж, шилжүүлэх, дугуй түгжих арга хэмжээ авах нийслэлийн Засаг даргын захирамж нь зарим хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн эцсийн шийдвэр гарах хүртэл дээрх ажиллагааг түр түтгэлзүүлэх шийдвэр гарсны дагуу  09 сарын 10-ны өдрөөс хойш зогссон байна.
Уг зохицуулалт хэрэгжиж эхлэснээс хойш иргэд нэгдүгээр эгнээнд автомашинаа орхих, замын хөдөлгөөнд саад учруулах нь байдал эрс буурч байсан ч шүүхийн шийдвэрийн дагуу түр зогссоны дараа дахин байршуулах тохиолдол нэмэгдэж, замын хөдөлгөөний эрчим удааширч байгааг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан хэллээ.
Мөн замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байгаа бусад шалтгаануудын талаар хэлэхдээ, цас орж халтиргаа гулгаа үүссэн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширдаг, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобусны жолооч нар ноцтой зам тээврийн осол гаргаж зорчих хэсэг хаагдсанаас, мөн техникийн бүрэн бүтэн байдал хангасан эсэхийг шалгахгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаар эвдэрч замын хөдөлгөөнд саад учруулж байгааг хэллээ.
Нийслэлийн Засаг дарга, зөвхөн автомашин зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилгаад зогсохгүй явган зорчигчийн замын цас мөсийг арилгаж байхыг холбогдох газруудад анхаарууллаа.
Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нарийчвлан гаргаж батлуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллагын хэрэгжүүлэх эрх үүрэг бүхий бүтцийг батлуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин