Хадгаламжийн хүүнээс татвар авахыг хойшлуулна
2015-12-18

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ  хуулийг УИХ-аас баталсан нөхцөлд хадгаламжийн хүүнээс татвар авахгүй байх харилцаа үүсэх юм. Энэ  оны аравдугаар сарын 30-ны мэдээллээр нийт 11 их наяд төгрөгийн хадгаламж байгаа аж.  Үүний 4.9 их наяд нь 100 сая төгрөгөөс дээшхи хадгаламж эзэлжээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан горимын саналаар санал хураалгах үед гишүүдийн хооронд ширүүхэн маргаан өрнөлөө.  

 

Өмнө  нь энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхэд  УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “2020 он хүртэл хадгаламжийн хүүнээс татвар авахгүй байх ёстой” гэсэн горимын санал гаргасан.

 

Харин өнөөдрийн хуралдаанд Д.Сумъяабазар гишүүн  оролцоогүй, гаргасан саналд нь гарын үсэг зурагдаагүй байлаа. Тиймээс Д.Сумъяабазар гишүүнийг  гаргасан гэдгийг нь хэн нотлох юм бэ гэдэг маргаан гарсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Батцогт, Н.Батбаяр нар “Нэгдүгээрт, Д.Сумъяазар гишүүн өөрөө алга. Хоёрт, гаргасан саналын томъёололд нь Д.Сумъяабазар гишүүний гарын үсэг байх ёстой ч алга. Өөрөөс нь өөр хүн санал гаргачихсан дараа нь маргаан гарвал яах юм. Гарын үсэг нь байх ёстой. Утасдаж санал гаргасан эсэхийг нь тодруулах ёстой” гэв.

 

Хурал зохион байгуулагчид Д.Сумъяабазар гишүүн рүү утасдсан ч утсаа авсангүй, Н.Батбаяр гишүүн мөн утасдаад холбогдсонгүй.

 

Байнгын хорооны дарга Ч.Улаан “Горимын санал гаргасан гишүүн байнгын хорооны хуралдаанд ирээгүй байсан ч саналыг нь хураалгах ёстой. Гадаад руу албан томилолтоор ажиллаж байгаа бол яах юм” гэсэн юм. Д.Эрдэнэбат гишүүн “Гадаадад ажиллаж байж болно. Гол нь гаргасан горимын санал дээрээ гарын үсэг зурсан байх ёстой” гэсэн бол гишүүн Н.Батбаяр “Ц.Нямдорж гишүүнийг хууль зассан гэдэг. Гэтэл Тамгын газрынх нь хүн засвар хийсэн байдаг юм шүү” хэмээн эртний түүхийг сөхөв.

 

Эцэст нь Ч.Улаан дарга мухарлах нь зүйтэй гэж үзэн, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг дуудуулсан юм.  Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “УИХ-ын Тамгын газар гишүүдэд хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй боловч УИХ-ын гишүүдийнхээ дарга нь мэт харилцдаг болжээ.  Ирцтэй, ирцгүй байсан ч хуралд гэж шахдаг. Хуулийн төслөө дөнгөж тараачихаад хэлэлцүүл гэж хүчилдэг. Дуудахаар ирдэггүй.

 

УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүйгээс байнгын хорооны хуралдаан цуцлагддаг бол арайхийж хуралдаан эхлэн хэлэлцэж байгаа асуудлаар хууль зүйн зөвлөгөө авах болоход экспертүүд нь ойр байдаггүй. Ийм нэг бэрхшээлтэй тулаад байна хэмээлээ.  

 

Ийнхүү  УИХ-ын Тамгын газрын дарга ирсэнгүй, харин хуулийн зөвлөх ирж, маргаан дагуулсан асуудлаар тайлбар хийв. Түүгээр бол горимын санал гаргасан саналын хуудсанд нь тухайн гишүүний гарын үсэг заавал байх ёстой аж.  Иймээс Д.Сумъяабазар гишүүний саналаар санал хураалгасангүй.

 

Мөн одоо хэрэгжиж байгаа хуулийн үйлчлэл 2016 оны нэгдүгээр сарын 1-нд дуусах ёстой. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжинэ. Энэ тохиолдолд хуулийн зөрчил үүсэх үү гэдэгт мөн УИХ-ын Тамгын газрын хуулийн зөвлөх тайлбар хийж, зөрчил үүсэхгүй нь ойлгомжтой болов. Маргаантай асуудлууд дээр нэгмөр ойлголцолд хүрсэн учраас Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

 

УИХ-аас дээрх хуулийг баталснаар банкин дахь хадгаламжийн хүүнээс татвар авахгүй байх зохицуулалт 2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хэрэгжих боломж бүрдэнэ.

 

Мөн байнгын хорооны хуралдаанаар Гааль татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

УИХ-аас 2016 оны төсвийн хуулийг батлахдаа Гааль, Татварын ерөнхий газрыг нэгтгэх шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор дээрх хууль орж ирсэн байна. Энэ нь хоёр байгууллагын үйл ажиллагааг нэгтгэх зохицуулалт ажээ. УИХ-ын гишүүн Д.Батцогт “Гаалийн байцаагчдын хийж байгаа ажилд татварын ажилчид хөндлөнгөөс оролцох хориотой. Ерөнхий газрынхаа төвшинд удирдлагын нэг баг байх ёстой. Ажлыг нь уялдуулж, татварын орлогыг сайжруулах зорилготой” хэмээн хуулийн төслийг онцлов. 

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн харьяалалтай гишүүд оролцсонгүй.

 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин