6.1 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болсон
2015-12-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 3.5 их наяд төгрөгийн орлого шинээр бүрджээ. Хуулийг хэрэгжүүлэх журамд заасны дагуу  578.7 тэрбум төгрөгийн татвар болон 173.9 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлөгджээ.

 

Нийт 1737 аж ахуйн нэгж, байгууллага хуулинд хамрагдах хүсэл илгээснээс 674 тайланг албан ёсоор баталгаажуулсан байна.  Өөрөөр хэлбэл 565.2  тэрбум төгрөгийн хөрөнгө орлогыг санхүүгийн тайлангаар ил болгожээ. Энэ оны 12 дугаар сарын 05-ны байдлаар 161.3 сая төгрөгийг  торгуулиас чөлөөлсөн байна.

 

Нийт  таван төрлийн татварын хүрээнд  5789 тайлангаар өчигдрийн байдлаар 6.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө орлого ил болж,  572.1 тэрбум төгрөгийн татвараас тус тус чөлөөлсөн байна. Нийт 55 иргэн, 314 аж ахуйн нэгж, байгууллагын 6500 орчим нэр төрлийн 27.4 сая ам.доллар буюу 42.7 тэрбум төгрөгийн бараа, тээврийн хэрэгслийг ил болгон нөхөн мэдүүлж, нийт 6.6 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөөд байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 1.98 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлж байна.

 

Нийт 114 төрлийн эд хөрөнгийн бүртгэл хийгдсэнээс 13.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 31 төрлийн эд хөрөнгийн анхны бүртгэлийг хийсэн. Үүнээс 3.2 сая төгрөгийн үйлчилгээний болон тэмдгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

 

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 130 хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулж, 1.5 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлэн улмаар 74.9 сая төгрөгийн торгуулиас чөлөөлсөн байна.

 

Засгийн газар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлж, Засгийн газраас батлан гаргасан журмын дагуу хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэх, албан татвар, хураамж, шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч хуульд заасны дагуу эд хөрөнгө, орлогыг нөхөн бүртгэх, тэдгээр хөрөнгө, орлогод ногдох торгуулийг чөлөөлөх арга хэмжээг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд хуулиар хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа дууссаны дараа хуулийн хэрэгжилтийн талаарх нэгдсэн бүртгэл тоо мэдээллийг гаргаж, хуулийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар УИХ-д мэдээлэхээр төлөвлөж байна.

 

Ерөнхий сайд мэдээлэлдээ “Хуулийн үйлчлэлийн хугацааг сунгаж өгөөч гэдэг хүсэлт ирж байгаа. Нийт иргэд, аж ахуйн нэгжүүдийг тайлан мэдээгээ үнэн зөв, цаг хугацаанд нь өгөхийг мэдээлж байна. Та бүхний тайлангийн мэдээллийн нууцыг чандлан хадгална. Тайланг нотлох баримт болгох ашиглахыг хуулиар хориглоно. Хуулийг хэрэгжилтийг идэвхжүүлэх чиглэлээр үлдсэн хоногуудад эрчимтэй ажиллана”  хэмээн онцоллоо.    Дараагаар нь гишүүдийн асуултад хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

- Одоогийн байдлаар 6 их наяд төгрөгийн хөрөнгө ил болжээ. Энэ хуулийн хэрэгжилт хөдөө орон нутагт мэдээлэл дутуу байна. Тиймээс хуулийн хугацааг сунгах нь зөв юм.

 

-Хугацааг 12 дугаар сарын 31-нээс дуусгавар болно гэсэн чиглэлийг Засгийн газар барьж байгаа. Гэхдээ УИХ-ын шийдвэр гарвал хугацааг  сунгах боломжтой.

 

Татварын ерөнхий газрын дарга  н.Ариунсан:

-Сургалтыг хөдөө орон нутагт хийж байгаа. Гэхдээ хот суурин газрынхан илүү тайлангаа мэдүүлж байна. Сурталчилгаа жигд явагдаж байгаа.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-3.5 их наядын төгрөгийн орлогын хэд нь огт бүртгэлгүй, хэд нь нэг хүний нэр дээрээс нөгөөд шилжсэн бэ?

 

-Бүх ажлуудаа тусдаа хийгээд явж байгаа. Олон байгууллага хамтарч хэрэгжүүлж байна. Сангийн яам, ТЕГ, ГЕГ, УБЕГ хамтарч байгаа юм. Өчигдрийн байдлаар 6.1 их наяд төгрөг болж нэмэгдсэн. Энэ байгууллагуудад маш их хэмжээний бичиг баримт бүрдсэн байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-ДНБ-ий 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийжээ. Их өндөр тоо сонсогджээ. Тэр бүрийн ард албан тушаалтан, авилга, хээл хахуулийн асуудал явсан. Цаашдаа ийм зүйлийг дахин давтахгүй байх ямар  арга хэмжээ байна вэ? Дотоодын эдийн засагт ямар өөрчлөлт гарах бол? Ямар салбар нуун дарагдуулсан асуудал их үүссэн байна.

 

-Одоо хуулийн хэрэгжилтийн явцад байна. Эргэлзэж байгаа иргэд аж ахуйн нэгждээ зөв мэдээллийг өгөх үүднээс мэдээлэл хийж байгаа. Хуулийн төслийг анх баталж байх үед байр суурийн асуудлуудаа парламентад суудалтай намууд ярьсан. Хуулийн үр дүн гарч байна. Хуулийн хэрэгжилтийн явцад олон тайлан хамруулах үүднээс ачаалал ихтэй байгаа. Гэхдээ Эдийн засгийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлэхэд ямар үр дүн хүрэх талаар мэдээлэл бэлтгэх үүрэг өгсөн. Татварын хуулийг илүү төгс, боловсронгуй болгох чиглэлээр хийх зүйл их байгаа юм байна. Тиймээс энэ чиглэлээр хийх ажил их байгаа.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
aimshig , haana baigaa um be tegeed ter horongo chin
2020-01-16
ард:
одоо ч татвартаа ороогдоод дампуурал улам гаарах байх даа ер нь татварын бодлог буруугаас энэ асуудал ууссэн дээ гэж
2015-12-19
paaaaaaaaa:
3 terbum dollar bnshdeeeee
2015-12-19
Зочин:
Хууль гаргаж ил болсон нь яамайдаа сайн бна
2015-12-19
Зочин:
Баярлаад гайхуулаад байх зүйл мөн билүү
2015-12-18
монголчууд:
хэн хэн гэдэг улс төрчид,төрийн албан хаагчид ,тэдний компани,ах дүүс байгааг албан ёсоор ил тод ард иргэдэд мэдээлэхгүй бол дэмий шүү.
2015-12-18