МАН, АН-ын зөвшилцөл сонгууль хойшлуулах эрх ашигт нэгдэв үү
2015-12-21

Ойрын үед улстөрчид маань УИХ-ын гишүүнээр сонгогдсон эсэхтэй эргэлзэж эхлээд байлаа. Би яг энэ суудалд сууж байгаа нь үнэн үү, үнэхээр би сонгогдсон гэж үү, намайг сонгочихлоо гэж үү хэмээн эргэлзэж тээнэгэлзсэн, итгэж ядсан зүйлийг ярьж улмаар сөрөг хүчин хоёр долоо хоног ажил хаялт зарласан. Хариуцлагатай жижүүр томилж, хуралдаан болгонд орж суугаад завсарлага авах хүсэлт гаргасан энэ удаагийн ажил хаялт улс төрд өмнө байгаагүй бас нэг шинэ маягийн эсэргүүцэл болов. 

Сонгуулийн санал тоолох хар машин бидний саналыг үнэнчээр тоолоогүй, би ийм их санал авахгүй байсан хэмээн эсэргүүцлээ, тэд. Ухаандаа өөрсдийг нь сонгосон саналыг тоолсон хар машинд итгэхгүй байна гэдэг нь өөрийгөө УИХ-ын гишүүн болсонд итгэхгүй байгаатай л агаар нэг асуудал болоод байсан юм. Ардын нам жагсч чаддаггүй, Ардчилсан нам засаглаж чаддаггүйн жишээгээр Ардын намынхан төв талбайд хар машин шатааж хэсэгтээ л онигоо боллоо.


Технологийн дэвшлээс хэдэн зуун алхам ухарч, бүхнийг гараар уриа дэвшүүлсэн тэдний “гэнэн” үйлдэл нийгмийн цочроох, анхаарлыг татах гэхээс илүүтэй инээдийг барж, онигооны сэдэв болоод өнгөрсөн билээ. УИХ-ын гишүүн болсондоо үл итгэж, түүгээрээ улс төр хийж төрийн ажлыг гацаагаад байсан МАН-ынхан өнгөрөгч баасан гарагаас эхлэн ажилдаа орлоо.

Хоёр долоо хоногийн хугацаанд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд суухгүй ажил хаялт зарлаж, улс төрийн 20 намтай нэгдэж талбайд суулт зарлаж, Төрийн ордныг өглөө оройгүй гороолсон нь амжилтад хүрчээ. Эрх баригчид энэ хугацаанд ирцээ бүрдүүлж хуралдах гэж хөгөө хөлдөө чирсэн. Хөл нь гэмтсэн нэгнийг эмнэлгийн орноос хүчээр босгож ирж, хуралдав. Эмнэлгийн хувцастай нэгнийг даргын машинд албаар суулгаж авчран өөр хүний хувцас өмсгөн хуралд суулгаж аргаа барлаа. Хэлэлцэх асуудлаа таслахгүй гэж, хүчтэй сөрөг хүчинд дийлдэхгүй гэж 14 хоног эрх баригчид шаралхсан ч эцэст нь бууж өгөв. МАН-ынхан ч тун додигор чуулганы танхим руу алхацгаах. Хуралд суу гэж дуудаад. Одоо яах вэ дээ. Сонгуулийн хуулиар санасандаа хүрлээ хэмээн чуулганы танхимд дийлсэн баатрын дүрээр тэд мориллоо. МАН-ын эсэргүүцлийг хүлээж аван ирэх долоо хоногт Сонгуулийн хуулийг хэлэлцэхээр болсон албан ёсны товыг УИХ-ын дарга зарласны дараа АН-ынхан ээлжит бусаар Б.Гарамгайбаатар даргын өрөөнд хуралдсан юм.


Мэдээж эрх баригч ганцхан ирцийн асуудлаас болж сөрөг хүчинд бууж өгөөгүй нь лавтай. Сонгуулийн хуулийг батлахын цаана улс төрийн хоёр хүчний том тохироо явж байгаа нь тодорхой байгаа юм. Нөгөө талаар баяр ёслол дөхсөн энэ үед тэд хамтын хүчээр тэд ямар хор найруулах гэж байгааг өнөөдөр таахад эрт байна. МАН-ынхан Сонгуулийн хуульд таван нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан. Тодруулбал, хар машины дүнг хяналтын тооллогоор баталгаажуулах. Өөрөөр хэлбэл, иргэдийг өгсөн саналыг давхар гараар тоолоод хар машины дүнтэй тулгах, үүнийгээ видео бичлэгээр баталгаажуулж олон нийтэд цацах өөрчлөлт хүссэн.


Мөн сонгогч улс төрийн намыг биш хүнийг сонгодог байх үүднээс нэг намын хоёр хүн хоорондоо өрсөлдөхгүй болгож, нэг мандаттай 48 тойрог байх, мөн УИХ-д сонгогдсон гишүүд нам эвслээ сольсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгож, эгүүлэн татах, сонгуулийн зөрчил маргааныг шийдвэрлэх болон нөхөн сонгуулийн хугацааг хуулиар зааж өгөөд, хэрвээ зөрчвөл хариуцлага хүлээлгэх, саналын хуудаст нам, эвсэл, нэр дэвшигчийг бичихдээ УИХ-д суудалтай, үгүйгээр нь ялгах бус Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг баримтлах учиртай гэсэн өөрчлөлтүүдийг хүссэн. Харин эрх баригчид 2012 оны Сонгуулийн хуулиараа явах, эс бөгөөс тэр чигээр нь өөрчлөх чиглэл барьсан. Тэр ч үүднээс УИХ-ын гишүүн Р.Бурмаа Сонгуулийн хуулийн шинэчилсэн төслийг өргөн барьсан бол, МАН-ын бүлгийн гишүүд нэмэлт өөрчлөлт, О.Баасанхүү гишүүн мөн л нэмэлт өөрчлөлт өргөн барьсан юм.


АН-ынхан даргын өрөөнд хуралдсан ээлжит хуралдаанаар ямар өөрчлөлтийг хүлээж авах вэ гэдгээ тохиролцсон гэсэн мэдээлэл байсан ч үүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн А.Бакей үгүйсгэлээ. Тэрбээр “Бүлгийн даргын өрөөнд хуралдсан асуудлаар үүнийг яриагүй. Даваа гарагт бүлгийн хурлаас тодорхой ярина. Нэмэлт өөрчлөлт оруулах уу, эсвэл тэр чигээр нь өөрчлөх үү гэдэгт нэгдсэн шийдэл гараагүй. Бүлгийн хурал дээр л бүх зүйл тодорхой болно” гэсэн хариултыг өгсөн юм. Юутай ч хоёр нам зөвшилцөлд хүрч, МАН-ын тавьсан тодорхой саналуудыг АН хүлээж авах нь тодорхой болжээ.


Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр АН, МАН хар машины хяналтын тоог нэмэх, сонгогдсон гишүүд намаа сольсон тохиолдолд хариуцлага тооцох, сонгуулийн зөрчил маргааны хугацааг сунгах зэрэг асуудлыг хуульд өөрчлөлт оруулах байдлаар засч болно гэж үзсэн аж. Харин намыг биш хүнийг дугуйлдаг асуудлаар ярилцаж зөвшилцөх ёстой гэж үзжээ. Намын жагсаалтаар улс төрд орно гэдэг улс төрийн намуудын мөнгө босгох арга хэрэгсэл болдог. Ардаас биш намаас итгэл олж авахын тулд 28-ын жагсаалтад, тэр тусмаа эхний 10-т багтахын тулд улстөрчид нэлээдгүй мөнгө амладаг. Харин энэ жагсаалтыг үгүй болгочихвол намд биш тойрогт мөнгө зарцуулж, намын босгох мөнгө багасах учраас ихээхэн алдагдалтай болж буй юм. Тиймдээ ч нэг намын нэр дэвшигч хоорондоо өрсөлдөхгүйн үүднээс нэг мандаттай 48 тойрог гэсэн саналыг тэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа бололтой.


Сонгуулийн хуульд гар дүрэх хуулийн хугацаа бүх шатны сонгууль болохоос зургаан сарын өмнө байдаг. Тэр ч утгаараа хуулийг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хугацаа дуусахад 10 хоног л үлдээд байна. Чуулганы хуралдааны товыг урагш хойш болгож, гэрлийн хурдаар л зөвшилцөхгүй бол тэдэнд хугацаа үлдээгүй гэсэн үг. Түүнчлэн, эрх баригч АСЕМ-аас шалтгаалж сонгуулийг хойшлуулах асуудлаар сөрөг хүчинтэй зөвшилцвөл УИХ-ын сонгууль наймдугаар сард болж хойшлон, ирэх оны хоёрдугаар сараас буюу хаврын чуулган завсарлахаас өмнө хуульд өөрчлөлт оруулах боломж бүрдэнэ.


Мөн Үндсэн хуульдаа ч өөрчлөлт оруулах хугацаа бий болох юм. Сонгуулийн хуулиар шантаажилсан улс төрийн хоёр намын тохиролцоо сонгууль хойшлуулах эрх ашигт нэгдэж байгааг үгүйсгэх аргагүй билээ. Баяр ёслол далимдуулж нэг том асуудлыг хүчээр баталдаг мэргэшсэн аргаараа тэд том тохироог хийсэн байх магадлалтай. Өнөөдөр хуралдах намын бүлгүүдийн хуралдааны шийдвэр олон зүйлд хариулт болох нь ээ.
 
Б.Өнөртогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэр гал барьж байгаад шатаадаг чинь нөгөө Архангайн танк хүлдэгийн ач гэсэн байхаа ккк
2015-12-21
Зочин:
Үүнээс хойш сонгуулийн машинд итгэж байгаа эсэхийг нь лавлаж сонгуульд нэр дэвшүүлж байя зарим нь сонгогдсон машиндаа ч итгэхгүй 3 жил гаруй болчихсон байна шүү дээ тэгээд УИХ гишүүн болгодог нь ч буруу сонгуульд сонгогдсоноо итгэхгүй байгаа хүн манийг төлөөлж улс удирдаж чадах уу сонгогч нараа МАН-ынхан чинь эргүүтчихсэн байна ш дээ. Арай ч дээ очиж очиж машинд уураа гаргаад байхдаа ч яахав бүр хүлж байгаад шатаасан байна даа бид хэд дүгээр зуунд амьдарч байнаа ккк
2015-12-21
зочинф:
МАНАН нэгнийгээ юуч гэж хэлсэн энэ бол зүгээр л шоу гэдгийн маш сайн ойлго. Том тохироосоод байх юмгүй. Тэд энэ удаа жагсаалтын 28-ыг бүсчлэх тохироонд хүрч тэрийгээ сонгуулын хуулинд нууцаар шургуулна. 28 бүсчлэгдэхээр яадаг вэ гэвэл намуудын босго 25 дээш болдог. Энэ тохиолдолд зөвхөн МАНАН гэсэн 2 намаас жагсаалт бүрдэнэ. Өөрөөр хэлбэл жагсаалт гэдэг зөвхөн МАНАНгын л өмч болж хувирна. Товчхондоо тэд ямарч тохиолдолд хармаанд нь байдаг баталгаатай 14≈14 суудалтай болно оо гэсэн үг. Үүнээс өөр мундаг тохироо гэж яг энэ цаг мөчид өөр хаа байхав. Тэрнээс тэр хар машин гар тооллого энэ тэр бол чебуха гээч л байна.
2015-12-21