Хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдүүдийг барьжээ
2015-12-21

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн “О”, “Б”, “З” нар нь бүлэглэн Дорноговь аймгийн Замын Үүд боомтоор хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу МӨС гэх бодисыг их хэмжээгээр улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг илрүүлжээ.

 

Гэмт этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192.3.5-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Шалгалтын явцад иргэн “О” нь 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр бусадтай бүлэглэн БГД-ийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу МӨС гэх бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулсан гэмт хэргийг үйлдэн Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

 

Сэжигтэн “О”, “Б”, “З” нарт ШШГЕГ-ын хорих 0461-р ангид сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Улсын хэмжээнд 2015 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 69 гэмт хэрэгт 160 хүн холбогдон шалгагдсан нь 18-35 насны залуучууд байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин