ҮХЦ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив
2015-12-22

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар ҮХЦ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын  чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гишүүдэд танилцуулав. ҮХЦ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хоёр зүйлтэй. Нэгдүгээр зүйлд, Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Цэцийн гишүүний төвийг сахих байр суурь, эрх тэгш байдал, тэтгэвэрт гарах үндэслэл, Цэцийн даргын түр эзгүйд даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болон Цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыг зохицуулжээ.

 

ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 3 зүйлтэй юм байна. 1 дүгээр зүйлд Цэцийн шийдвэр болон нээлттэй хуралдааны тэмдэглэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхийг баталгаажуулахаар тусгажээ. Мөн хуулийн төсөлд Цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыг Үндсэн хуультай нийцүүлэн засаж, зөвлөлдөх тасалгаанд олонхитой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргах эрхтэй байх, маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дуу, дүрс, цахим хэлбэрээр гарган өгөх, Цэцийн төвийг сахих зарчмыг хангах үүднээс Цэцийн гишүүн татгалзан гарах үндэслэлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт зөрчсөн гэх үндэслэл зэргийг нэмж, хуралдааны явцад Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй талаарх хориглолтыг бий болгохоор тусгасан байна.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунгэрэл, Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ, Д.Ганбат нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, О.Баасанхүү, Ж.Батзандан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.  Үүний дараа Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав. Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, шүүн таслах ажиллагаанд тавих олон нийт хяналтын эрх зүйн орчинг бүрдүүлэх үндсэн зорилгоор УИХ-аас 2012 оны 5 дугаар сарын 22-ний өдөр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан билээ.

 

Гэвч хуулийн “амин сүнс” болсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгчийн нэгэн адил шүүн таслах эрхтэй оролцох асуудлыг зохицуулсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 3.4, 9 дүгээр зүйлийн 9.3 болон бусад заалтыг Үндсэн хуулийн цэц 2014 оны 1 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчинесдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн” хэмээн үзэж хүчингүй болгосон нь тус хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байна хэмээн Ч.Өнөрбаяр зөвлөх танилцуулгадаа дурдсан.

 

Учир нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад иргэдийн төлөөлөгчийн эрх үүрэгтэй холбоотой асуудлыг тэр бүр нарийвчлан тусгаж өгөөгүй учир өнөөгийн байдлаар иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтэд шүүхүүд харилцан адилгүй байдлаар хандаж, үнэлэх асуудал гарах үндэс болж буй аж.

 

Мөн ҮХЦ-ийн тогтоолын дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болсонтой холбоотойгоор уг асуудлыг зохицуулж байсан хуулиудын хоорондын уялдаа холбоог алдагдаж, хууль хэрэглээнд үүссэн тодорхойгүй байдлыг арилгах шаардлага тулгарчээ.

 

Иймд эдгээр болон бусад асуудлыг нэг мөр шийдвэрлэж, шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэнд хэрхэн ач холбогдол өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэр, шийтгэх, цагаатгах, шүүхийн тогтоолд заавал тусгаж, түүнийг үнэлж, дүгнэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг төсөлд нарийвчлан тусгажээ. Түүнчлэн иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бичгээр дүгнэлт гаргах боломжгүй бол хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргах боломжийг энэхүү төслөөр нээж өгч буй юм байна.

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгаа бөгөөд холбогдох хуулийн төслүүдийг мөн боловсруулжээ. Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин нар үг хэлж, саналаа илэрхийлсний дараа төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

 

Энэ өдрийн хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг мөн шийдвэрлэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ гишүүдэд танилцуулсан юм.

 

УИХ 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 250 гаруй салбар хуулиудын нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан, захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх “Захиргааны ерөнхий хууль”-ийг баталсан.

 

Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага, түүний үйл ажиллагааны хэлбэр, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны байгууллагын шийдвэр гүйцэтгэл зэрэг нийтлэг харилцааг зохицуулснаар одоогийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас материаллаг эрх зүйн зохицуулалтыг хасах, ингэснээр процессын хуулиар зөвхөн захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулах шаардлагатай болжээ. Түүнчлэн Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан захиргааны шүүхийн хяналтын хүрээг нэмэгдүүлэх, хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт тохирсон зохицуулалтыг шинээр оруулах, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх асуудлыг хуульчлах, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай, тасралтгүй явуулах зэрэг шаардлагын үндсэн дээр энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн захиргааны хэргийн харьяаллыг жагсаалтын зарчмаар хуульчилсныг халж, ерөнхий заалтын зарчмыг буюу Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага, түүний үйл ажиллагааны бүх хэлбэр захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байхаар төсөлд тусгасан байна. Мөн нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, байгаль хамгаалал, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч, дэд бүтэцтэй холбоотой асуудлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах стратегийн өмгөөлөл, бодлогын нөлөөллийг бүх талаар дэмжих зорилтын хүрээнд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх эрх бүхий этгээдийг тодорхойлж, шүүхийн хяналтын хүрээг тогтоосон байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авсан юм. Дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Shuud.mn
Сонин хачин