ШУУД онцолж байна
2015-12-23

Улиран одож буй 2015 оныг монголчууд бид бүл нэмж,  хүн амын тоо 3 саяыг давж өнөр олуулаа болсон сайхан ерөөлтэйгөөр үдэж байна. Гэхдээ нийгэм, эдийн засгийн хувьд тийм ч таатай жил биш байлаа. Ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 2000 төгрөг давж, стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар оны эхнээс яригдсан ч парламентын босгыг давж чадахгүй гацсаар ирсэн. Эдийн засаг, санхүүгийн хямралыг олон нийт улс төртэй холбон тайлбарлаж байгаа. Улс төрийн ороо бусгаа байдал, парламент дахь нам эвслүүдийн үл ойлголцол эдийн засгийг хойш чангааж, бүтээн байгуулалтыг сааруулж, хөгжлийг  уясаар ирлээ. 2015 оны улс төрийн хүрээнд үйл явдал ширүүхэн өрнөж байлаа. 

 

Түүхэн уулзалт-шийдэл

 

 

Ерөнхийлөгч энэ онд ачаалалт ихтэй ажиллав. Манай хоёр хөрш орны төрийн тэргүүний энэ найм, есдүгээр сард ээлжлэн айлчиллаа. Дараагаар нь Душанбе хотноо  харилцан ашигтай гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ын уулзалт хийж байх тухай ярилцлаа. Энэ нь гурван улсын тэргүүн нарын хувьд уулзсан 100 жилийн дараах түүхэн уулзалт юм.      

 

Уулзалтаар Гурван улсын дээд хэмжээний албан уулзалтыг байнга Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 3 жил тутамд хийж байх, АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүнээр элсэх Монгол Улсын хүсэлтийг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлэхийг Эрхэмсэг дарга Си Зиньпин, Эрхэмсэг Ерөнхийлөгч В.В.Путин нараас хүсч байгаагаа манай Ерөнхийлөгч онцолсныг хоёр улсын удирдагчид дэмжсэн билээ. Цаашлаад энэ уулзалтаар УБТЗ болон түүний Орос, Хятадын нутагт байгаа хэсгүүдийн үндсэн дээр шинээр төмөр зам тавих талаар хамтын ажиллагаа зохион байгуулах, цахилгаан эрчим хүч дамжуулах шугамыг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж төлөвлөж болох талаар гурван улсын төрийн тэргүүнүүд санал солилцсон. Ерөнхийлөгч энэ онд Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах нь зүйтэй гэж үзэн ҮАБЗ-өөр дэмжүүлж, хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа.

 

Парламентын итгэлцэлгүй

 

Спикер З.Энхболд 2015 оны босгон дээр тушаал дэвшиж, АН-ын даргын албыг давхар хаших болсон. АН-ын даргаар удирдуулсан парламентын нэг жилийг үдэж байна. Сүүлийн үед З.Энхболдын анги, З.Энхболдын нам, З.Энхболдын буюу АН хэмээх компани гэх үг  үе үе сонсогдох болсон. Парламент ердөө хагас жил буюу 6-хан сар л сөрөг хүчингүй ажиллалаа. 2015 оны өмнөхөн байгуулагдсан Ч.Сайханбилэгийн Засгийн  газрын танхимд эрх баригч АН  сөрөг хүчин МАН-ыг урьж хамтарсан. Гэхдээ энэ хамтын ажиллагаа удаан үргэлжилсэнгүй, дэндүү богино настай байлаа. “Нам, эвслүүд хамтарч засаг барьсан үедээ далайцтай шийдвэрт хүрч, улс орны хөгжлийг түргэтгэдэг” гэх улстөрчдийн онолыг энэ удаад үгүйсгэлээ.

 

 

Сөрөг хүчингүй 6 сарын хугацаанд “73-ын бүдүүн бүлэг” онцгой үүрэг гүйцэтгэсэнгүй. АН, МАН хоёр эрх ашгаараа нэгдэн Засаг барьсан ч итгэлцлээ гээсэн байлаа. Энэ нь  өнгөрсөн хугацаанд хоёр нам хоорондоо байтугай намын гишүүд нэг нэгэндээ итгэх итгэлээ нэгэнтээ алдсаныг олон нийтэд илэрхийлэв.

 

Парламентын засаглалтай манай улсын хувьд анх удаа Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн 2015 оны намрын хурал энэ онд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Парламентын ассамблейн хуралд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч,  олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцлоо. ЕАБХАБ нь дэлхий дээр хамгийн олон орны парламентын гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн парламент хоорондын олон улсын байгууллага юм. Ямартай ч ирэх жил болох АСЕМ-ын хурлын өмнө манай улс бэлтгэлээ базааж, олон улсаас сайн үнэлгээ авсандаа хурлыг зохион байгуулагчид сэтгэл хангалуун байна лээ.

 

Популизмыг сөрсөн Засаг

 

Шийдлийн Засгийн газар байгуулагдан ажиллах нэг жилийн хугацаандаа мөн их зүйлийг үзлээ. Ч.Сайханбилэгийн танхим анх бүрдсэнээсээ хойш хэдэнтээ шилгээгээд байна. Засгийн газарт урьж авчирсан нэг хүчин МАН-ыг намынхаа шийдвэрээр хөөж,  эдийн засгийн хямралыг давах, төсвөө хэмнэх нэрийн дор дэд сайдуудаа үдэж, цаашлаад бусдаас авлига авсан нь газар дээрээ баригдсан гэх ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба хоригдон байцаагдаж байна. “Дубай”-н гэрээ хийсэн хэргээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналд Г.Уянга нарын 19 гишүүн гарын үсэг амжилттай цуглуулсан хэдий ч УИХ-д өргөн бариагүй байгаа. Учир нь 19 гишүүний гарын үсэг төслийг өргөн барих эрх үүсгэсэн ч парламентаар хэлэлцэхэд огцруулах хэмжээний олонхийн санал авч чадахгүй. Тиймээс ч дээрх эрхмүүд дахин 10 гаруй гишүүнд Ч.Сайханбилэгийг огцруулах лоббиг хийх хүч дутаад байна. Ер нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа парламентын эсэргүүцэл, популизмтай нүүр тулж, дотоод асуудалдаа ээрэгдсээр байна.

 

 

Харин өнгөрсөн хугацаанд өөдөөс турхирах популзмыг сөрж, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэсэн эрхэм бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. Тиймээс ч парламент Тавантолгойг гацаахад “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээг Дубайд очиж үзэглэсэн. “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээгээр 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ мөнгийг олон улсын нэр хүнд бүхий 15 банктай гэрээ хийж, шийдвэрлэхээр болсон. Уг санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол оны босгон дээр боллоо. Тун удахгүй “Оюутолгой”-н бүтээн байгуулалтын санхүүжилт Монголд орж ирснээр эдийн засагт эерэг дохио өгч, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, ажлын байр ч шинээр нэмэгдэнэ гэж эдийн засагчид үзэж байгаа.

 

Нөгөөтэйгүүр Засгийн газар энэ оны төсвийг хоёронтоо тодотголоо. Хямралын эдийн засгийн үед төсвөө хэмнэх, урсгал зардлаа танах бодлого барьж ажилласан. Эдийн засгийг тэлэх бус агшаах бодлого барьж байгааг зарим улстөрч шүүмжилдэг ч төсвийн хэмнэлт иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй л байна.

 

Үнэндээ Шийдлийн гэхээсээ Ч.Сайханбилэгийн Засгийн газарт улс төрийн хувьд түшиг тулгуур байхгүй гэдэг нь үнэн. Намын дарга Ерөнхий сайд байх заалт энэ удаад үйлчлээгүй. Тиймээс л Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс үүрэгдэх эрхэм байгаа. Учир нь Засгийн газрын тэргүүн эрх баригч АН-ын даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.

 

Цаашлаад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ээлж дараалан Япон Улсад айлчилсаныг зарим ажиглагч эсэргүүцэж байсан. Харин энэ айлчлалуудын үр дүнд олон жил цаасан дээр төлөвлөгдсөн Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжиж биеллээ олсон. Эдүгээ манай талын 5700, Японы 9700 орчим бараа 10 жилийн хугацаанд гаалийн тарифаас чөлөөлөгдөж, үйлдвэрлэлийн сүлжээнд орох боломжууд нээгдлээ. Мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлахдаа нэг тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээл өгөхөөр болсон юм.

 

“Хуучин хүү”-ийн шинэ даваа

 

Эрх баригчид буюу АН энэ оныг шинэ дарга, шинэ Засгийн газартайгаар угтсан. Уг нь ч шинээр томилогдсон л болохоос намын дарга З.Энхболд ч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч АН-даа “Хуучин хүү” л дээ. Парламентад суудалтай бусад хүчинтэй хамтарч ажиллах хугацаандаа өр рүү өшиглөж, эрх баригчдын хийсэн ажлыг үгүйсгэсэн суртал ухуулга хийлээ хэмээн МАН-тай хийсэн гэрээгээ АН цуцалсан. Эдүгээ ял, гавьяагаа өөрсдөө үүрэхээр болсон эрх баригчид хоёр дахиа байгуулагдсан Засгийн газрыг нь огцруулахаар санаархаж байгаа бусад улс төрийн хүчин, улстөрчидтэй хэлэлцэхдээ хэлцэж, хэрэлдэхдээ хэрэлдэж нэгэн оныг үдэж байна. Эхнэрээ гурав сольсон эрд итгээд хэрэггүй гэдэгчлэн Засгийн газраа гурвантаа байгуулчихвал ирэх онд сонгогчдын нүүрийг харах эрхгүй.

 

 

Засгийн газраа огцруулвал АН ирэх сонгуулийн дараа гудамжинд лааз өшиглөх гашуун түүх давтагдана гэдгийг хэн хүнгүй гадарлах байтугай доторлож байгаа. Тиймээс л улс төрийн тулгуургүй ч Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулж болохгүй намын даалгавартай. Дотроо фракцаараа тэмцэлдсэн АН-ын хагарал үргэлжилсээр. Тус намын зарим фракц нэгдэн Бүтээн байгуулалтын нам байгуулах сураг ч дуулдаж байгаад намжсан. Харин ирэх сонгуульд намаа хэрхэн оролцуулахаас З.Энхболдын хэр лидерийг харах болно. 

 

Суудал өнцөгдсөн МАН

 

Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд Монголын улс төрийн ууган хүчин МАН-ыг хэдэнтээ сорьж байх шиг. Эрх баригч АН-ын удирдлагууд шинэчлэгдэн, шинэ Засгийн газар бүрдсэнээр Засгийн газарт хамтарч ажиллах урилга хүлээж авсан. Гэтэл жил хүрэхгүй хугацаанд томилогдсон сайд нар Засгийн танхимаас хөөгдсөнөөр МАН сөрөг хүчний суудалдаа буув.

 

 

Ирэх сонгуулиар сонгогчдын санал хураалтыг автомат машинаас гадна гараар давхар тоолох шаардлагыг МАН тавьж байгаа. Энэ шаардлагыг нь хүлээж авахгүй байсан эрх баригчдын эсрэг МАН гадаа жагсч, Төрийн ордонд хуралдаандаа суухгүй “ажил хаях” зэргээр тэмцсэний үр дүнд асуудал нааштай эргэж байгаа бололтой. Сонгуулийн тухай хуулинд зарим хэсгийн хороодод хяналтын тооллогыг гараар тоолох асуудалд тохиролцоонд хүрсэн сурагтай.

 

Эрх баригчдын “зөвлөх” Н.Энхбаяр

 

МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд энэ онд цог хийморьтой жил байлаа. Хэсэг хугацаанд БНСУ-д бие эмчлүүлж байсан тэрбээр морин жилийн өвлийн адаг сар буюу битүүний өдөр эх орондоо ирэнгүүтээ шууд Бөхийн өргөөг зорьж, бөхийн барилдаан үзэж суусан Төрийн тэргүүний нүдийг орой дээр нь гаргатал цочоож, тав тухыг нь алдагдуулсан. Үүнээс хойш, түүнээс цааш улс төрд тэрбээр зөвлөхдөө зөвлөж, хэрүүлийн алим шидэхдээ ч шидсэн. 

 

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд МАХН-ыг удирдах төдийгүй эрх баригчдад үнэтэй зөвлөгөө хайрласан жил байлаа. Мэдээж зөвлөгөөний ард улс төрийн тохироо зэрэг явагдаж байгаа. МАН-ын сайд нарыг Засгаас огцруулсны дараагаар Шадар сайд, ЭМСЯ, БХБЯ, БОНХАЖЯ гэсэн дөрвөн квотыг “Шударга ёс” эвслийн бүлэгт өгсөн. МАХН-ын гишүүд мөн л даргынхаа буянаар зарим нь дээлээ давхарлаж, зарим нь дан дээлтэй болоод авсан.

 

Н.Энхбаярын хишиг хүндэдсэн үү, яасан бүү мэд, саяхан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба авлига авсан хэргээр баривчлагдан, ажлаасаа чөлөөлөгдлөө. Харин энэ боломжийг намын дарга Н.Энхбаяр овжиноор ашиглаж, өөрийгөө Шадар сайдад томилуулахаар “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, өөрийнх нь үнэнч албат З.Баянсэлэнгээр Ерөнхий сайдад бичиг хүргүүлэх гэж зүтгүүлээд одоогоор үр дүнд хүрээгүй байна. Намрын чуулганаар батлагдсан Өршөөлийн хуулиар түүнийг биеэр эдлэх ялын хугацааг өршөөсөн  гэж байгаа ч ял нь хэвээр гэх асуудал маргаан дагуулж байгаа юм.

 

Уучлал ба өршөөл

 

Анхны ардчилсан сонгууль явуулсаны 25 жилийн ойн хүрээнд Өршөөл үзүүлэх хуулийг парламент хэл ам дагуулан баталлаа. Энэ хуулийн завсар авлига авсан, шалгагдаж байгаа зарим хүн өршөөгдөхөөр байсныг Ерөнхийлөгч эрс эсэргүүцсэн. Өршөөлийн хууль батлагдсан цаг үетэй Прокурорын байгууллагын 80 жилийн ой тохиож, баярын хуралд оролцсон тэрбээр хоёр цаг орчим хуурай агсам тавиад авсан.  

 

 

Гадаадын иргэн Каплаг уучилсан түүнийг өөрийн иргэндээ өршөөл үзүүлсэнгүй гэх шүүмжлэл дагаж байсан ч Өршөөлийн хуулийн хоригийг нь УИХ хүлээн авсан билээ. Авлига авсан, шалгуулж байгаа хэргүүд Ерөнхийлөгчийн хоригоор өршөөлд хамрагдаагүй ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эдлэх ялын хугацаа өршөөлд хамрагдаж, харин ял нь хэвээр байгаа гэсэн тайлбарыг салбарынхан өгч байна лээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Танай цонх хөлөрч цантаж,мөстөж хүйт дааж жинддэг бол үүнийг хэрэглэ.ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан 2.5-4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө5-6янзын хээ зурагтай.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь8000-10000төг болж хямдарлаа12500-16500төг байсан.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Мөн Солонгосын 4мм зузаантай тусгаарлагч 7500төг.Том цонхтой фетнис клуб,цэцэрлэг,эмнэлэг,оффис,тown house зэрэгт маш тохиромжтой.Зураг орууллаа.Одоо 2 янзын хээтэй үлдсэн.ХаягГермес төв-н С-13павьлион,100айл Одконы зүүн талд Люкс дэлгүүрт.Орос тех.Утас95000020,95050020
2015-12-23
papa:
Суудал өнцөгдсөн нь харин АН юм бишүү? Андуурч дээ бичээч гуай.
2015-12-23