Улсын төсөвт 201.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
2015-12-23

 

Уул уурхайн яам энэ оны сүүлийн “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаа зохион байгууллаа. Хурлаар энэ сард болж өнгөрсөн үйл явдал болон 2015 онд хийсэн ажлаа танилцуулав.

 

Оюутолгойн ордын ил уурхайг 2009 онд, уулын баяжуулах үйлдвэрийг 2013 онд ашиглалтанд оруулсан. Уг төслийн хүрээнд 2009-2014 онд 7.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, 2.0 тэрбум ам.долларын борлуулалт хийж, улсын төсөвт 1.3 тэрбум ам.долларын татвар, хураамж төлсөн байна. Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд энэ сарын 16-нд гарын үсэг зурж, дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллага уг төсөлд 4.4 тэрбум ам.долларын зээл олгохоор болжээ.

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нурууны 652 мянган га талбайг Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нөөцөд авсан байна. Ингэснээр тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй бөгөөд өмнө олгогдсон 7 тусгай зөвшөөрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлахаар болжээ.

 

Уул уурхайн салбарын статистик мэдээгээр энэ оны эхний 11 сарын байдлаар 20.8 сая тонн нүүрс, 13.9 тонн алт, 1.1 сая тонн газрын тос олборложээ. Мөн 1.0 сая тонн газрын тос, 4.3 сая тонн төмрийн хүдэр, 9.5 тонн алт, 12.9 сая тонн нүүрс экспортолжээ.

 

Энэ оны эхний 11 сраын байдлаар Ашигт малтмалын газар нийт 45.6 тэрбум төгрөг, Газрын тосны газар 155.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.  Ингэснээр Уул уурхайн сайдын багцын орлого нийт 201.2 тэрбум төгрөг болж, улсын төсөвт төвлөрчээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин