Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэв
2015-12-23

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Дунд суудлын өнөөдрийн хуралдаанаараа хянан хэлэлцлээ.

 

Үндсэн хуулийн цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар оролцож байгаа этгээдийн бүх шатны шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандах үндсэн эрхийг хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйгээр буюу давж заалдах шатны шүүхээр хязгаарлаж, хэргийн бусад оролцогчтой харьцуулахад тэгш бус байдал бий болгосон нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргалаа.

 

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтуудыг 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин