Жижиг намуудыг жийж, сурталчилгааг үнэгүй явуулах уу?
2015-12-24

 

Сонгуулийн өмнөх жилийн улиран одож буй оны сүүлийн өдрүүдэд улс төр ширүүхэн өрнөж байна. Ирэх жил сонгуулийг хэрхэн явуулах талаар төрийн түшээд мэтгэлцээд, санал зөрөлдсөөр байна. Өнөөдрийн байдлаар гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл,  гишүүн С.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байгаа. Дээрх гурван хуулийн төслийн Р.Бурмаа нарынхыг суурь болгон бусад хоёр төслөөс тодорхой саналыг тусгахаар хэлэлцсэн.

 

Гэхдээ энэ гурван хуулийг тус тусад нь хэлэлцэх ёстой гэсэн саналыг нам, эвслийн бүлгүүдээс гаргажээ. Ажлын хэсэг дээр ч гишүүд зөвшилцөх гэж нэлээд хүч гаргасан байна. Ийнхүү гурван хуулийн төслөө хэрхэн хэлэлцэхээр эхний маргаан өрнөлөө. Үүнийг парламентаар ярилцаад үг хэлээ ололцоно гэж найдъя.

 

МАН-ынхан хэсэг хугацаанд ажил хаяж, сонгогчдын саналын хуудсыг автомат машинаас гадна гараар тоолж баталгаажуулъя хэмээн жагсаал цуглаан хийсэн. Тэдний тэмцлийн үр дүн гарч, сонгогчдын саналын хуудсыг автомат машинаар тоолохоос гадна зарим хэсэгт хяналтын тооллогыг гараар тоолж явуулах зөвшилцөлд хүрээд байгаа билээ. Гэвч асуудал үүгээр дууссангүй. Сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах нь дараагийн асуудал болоод байна.

 

Сонгуулийн  48-28 гэсэн холимог тогтолцоогоор явуулах санал оруулсан. Ингэхдээ намын жагсаалтаар парламентад орж ирдэг 28-ыг таван бүсэд хуваах аж. Харин үүнийг зарим нам, эвсэл эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал, ИЗНН-ынхан жижиг намуудыг шахах гэсэн арга хэмээн үзэж байгаа бол УИХ дахь “Шударга ёс” эвслээс “Монгол Улсыг хагалган бутаргах ажлыг хэн нэгний захиалга” хэмээн үзэх гишүүд байна. Үүнийг мөн гишүүн Н.Батбаяр ч эсэргүүцсэн байр суурьтай байгаагаа өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар илэрхийлсэн. Тэрбээр “МАН-ынхан  жижиг 76-аар сонгууль хийх нь зохистой гэж хашгираад байсан. Гэтэл одоо 28-ыг дотор нь бүсчилж тав хуваах нь зөв гээд сууж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ 21 нам дэмжсэн гэсэн, гадаа жагсаал хийж буй намуудаа та бүхэн гол гаргаж байна. 28-ыг бүсчлэхээр санал нэгдсэнээ тайлбарла” хэмээн шаардаж байв.  

 

Өмнө нь улсын хэмжээнд тухайн нам сонгогчдын таван хувийн санал авснаар жагсаалтаар парламентад сонгогдоод явах боломжтой байсан. Харин одоо жагсаалтаар сонгогчдын таван хувийн санал авахаас гадна тойрогт нэр дэвшигч сонгогдсон, мөн цаашдаа бүсэд суудал авсан байх шаардлага тавигдаж байгаа аж. Хэдийгээр улсын хэмжээнд сонгогчдын таван хувийн саналыг авсан ч тойрогт болоод бүсэд сонгогдож чадаагүй нам парламентад суудал авч чадахгүй. Энэ нь жижиг намуудаа шахах нь гэсэн улстөрчдийн төдийгүй олон нийтийн хардлагыг дагуулж байна.

 

УИХ дахь МАН-ын бүлгийнхэн бүсчлэх асуудлаар санал гаргаагүй хэмээн мэлзэж байна лээ. 28 гэсэн намын жагсаалтаар орж ирэх эрхмүүдийн нэрийг саналын хуудас дээр бичих хэрэгтэй гэж ихэнх гишүүн хэлж байгаа. Тиймээс ирэх жилийн сонгуулиар намыг  дугуйлахдаа  сонгогчид сонгогдох эрхмийг ч мэдэх боломжтой юм.    

 

Нөгөөтэйгүүр сонгуулийн зардлыг бууруулах талаар гишүүд нэлээд анхаарч, нухацтай тооцоо судалгааг гаргаж байгаа гэсэн. Одоогийн байдлаар Сонгуулийн хуулийн төсөлд  сонгуулийн аносыг үнэ төлбөргүй байршуулахаар заажээ. Хэрвээ энэ заалтыг зөрчсөн бол тухайн этгээдийг торгож, хариуцлага тооцохоо давхар хуульчилсан гэсэн. Сонгуулийн сурталчилгааны үеэр төрийн байгууллагуудын эзэмшил хэсэгт нам, эвслийн нэр дэвшигчийн сурталчилгааны ухуулах хуудас, аносыг үнэ төлбөргүй байршууллаа гэж бодъё. Гэтэл нэр дэвшигчид хувийн хэвшил, айл өрхийн эзэмшил, өмчлөлтэй хэсэгт анос, ухуулах хуудсаа наахыг зөвшөөрх үү бас. Тэр чинь хувийн, хүний юманд халдаж, эрхийг нь зөрчиж байна гэсэн үг биз дээ.

 

Цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах төлбөртэй сурталчилгааг ч хязгаарлаж өгөхөөр заажээ. Сонгуульд өрсөлдөх, нэр дэвших эрхмүүд сурталчилгаагаа үнэ төлбөргүй л хийчих гээд байгаа бололтой. Тэгээд дараагаар нь дөрвөн жил төрийг цалин цаваг, элдэв хангамжгүйгээр барьж чадах уу.

 

Энэчлэн олон асуудал сонгуулийн хуулийн эргэн тойронд өрнөх бололтой.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
зочинф:
Хар цагаан машин,гар хөл тооллого бол цаашаа шүү!!! МАНАН жагсаалтын 28-ыг бүсчилж мөнхийн суудалтай болох гээд байна гэж ааль сарын өмнөөс хэлсэн дээ!!!!
2015-12-24