Цэц, Банк, З.Баянсэлэнгэ ба бусад
2015-12-24

Хуулиар засагладаг улс орон болж яваа гэх боловч хуулинд өөрчлөлт оруулах замаар сансандаа хүрдэг гууль парламенттай болчихжээ. Цэцийг томоотой болгох хуулийн төсөл ногоон гэрлээр явж байна.

 

Барагтай юмыг тоодоггүй тэсээд сурчихсан иргэд 8 хувийн зээл дээр аргагүй огшлоо. Улс төрөө буруу хийсний гор гарч ипотекийн зээл зогссон нь хоёр намыг хоёуланг нь дэлхийгээс зайлуулах дөхлөө. Үүнийг мэдэрсэн иргэдийн уур бухимдлыг дарах бариа засал яаралтай явагдаж байна.

 

Яг энэ эгзэгтэй салхин дундуур бас мэдрэмжтэй хөдлөх гэсэн яаруу улстөрч харагдав. Баруун булангаас гэдэг шиг З.Баянсэлэнгэ сайд энэ үед хурдан хөдөлж зогсчихоод байгаа зээлийн урьдчилгааг бууруулах тухай асуудлыг шийдсэн санамж бичгийг банктай байгуулж иргэдийн инээд уур хоёрыг зэрэг барлаа. Гэхдээ энэ нь бас ч нөлөө үзүүлж цэцэд бурууг тохоод шилээ татчихаад байсан банкны талынхныг овоо хэлд орууллаа. Мөн гол тоглолтоо З.Баянсэлэнгэд алдахаас айсан томчууд яаран цуглаж “8 хувь яасан бэ” гэж сонсгол хэлэлцүүлэг өрнүүллээ. Бүгд л дуу өндөр. Буруутан нь мөн тодорхой. Цэц, банк тэгээд хэн ч юм бэ бүү мэд. Үндсэн хуулийн заалт зөрсөн хууль баталсан улстөрчид л биш бололтой.

 

Энэ муу зээлийг улс төржүүлэх хэрэггүй гэх хүмүүс өөрсдөө л ийн улс төржүүлээд байх юм. Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэгт банкныхныг АН-тай хавсарч сайн нааж авсан Ц.Нямдорж гишүүний зандрал сошиалиар битүү шэйр боллоо. Хэлчихмээр байгаа үгийг нь хэлчихсэн хэрэг. Түүний үгэнд хүмүүсийн хүлээгээд байгаа ганц л үг байгаа нь. “Та нар чадахгүй бол би хамт суугаад эрх зүйн талаас нь зохицуулалт хийх арга зам хайлцаж өгье...” гэсэн утгатай үг байлаа. Хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг 8 хувийн зээлэнд гарц байгаа л юм байна. Хашир улстөрч үүнийг мэдэж харж байна. Гэхдээ зүгээр тусалчих бас тиймхэн. АН-ын ажил болчих гээд ч байгаа юм уу. Ямар ч байсан 8 хувийн зээлийг үндсэн хуульд нийцүүлээд цааш үргэлжлүүлэх хуулийн гарц байгааг Ц.Нямдорж гишүүн мэдэж байгаа бололтой. Ард түмний төлөө зулгаа цоортол зүтгэнэ гэдэг улстөрчид одоо гуйх нэгнээсээ гуйж, зөвлөлдмөөр. Хэлэлцэж гарцаа олмоор.

 

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн байдлаар гарч банкууд 8 хувийн зээлийг зогсоосноо зарласнаас хойших арваад хоногт улстөрчид, хууль батлагчид яг юу хийсэн юм бэ. Цэц гаргасан шийдвэрээ хамгаалж мэдэгдэл хийлээ. Иргэдийн өмчлөх эрхийн тухай ярьснаас 8 хувийн зээлийн тухайд яриагүй гэж дахин санууллаа. Банкууд цэцийг буруутнаар зарлаж өмнөө бариад бултлаа. З.Баянсэлэнгэ гишүүн нам зогсчихоод байгаа зээлийн урьдчилгааг 10 хувь болгон хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

“...Иргэн байр авахын тулд урьдчилгаа төлбөр 10 хувь төлж, арилжааны банк, тухайн барилгын компани, Барилга хот байгуулалтын яам үлдсэн 20 хувьд баталгаа гаргаж, найман хувийн зээлээр борлуулах эхний алхмыг ийнхүү “Голомт” банк эхлүүллээ...” гэсэн мэдээ гараад эхлэв. Энэ мэдээг өнгөц харвал Барилга хот байгуулалтын яам бултчихсан банкны үйл ажиллагааг эрхлэх болсон гэж ойлгогдохоор.

 

Үүнийг нь Монголбанкны Ерөнхийлөгч бут ниргэж “З.Баянсэлэнгэ найман хувийн ипотекийн зээлийг 10 хувийн урьдчилгаатай холиод, Засгийн газрын баталгааг Монголбанкны баталгаатай холиод байна. Эсвэл зарим нэг нь улс төрийн өнцгөөс хараад байна” гэчихлээ.

 

Улс төрийн өнцгөөс хараад байна гэдэг нь үнэхээр үнэн болоод байна. Үндсэндээ ипотекийн зээл зогссон шуугианаас хойших өдрүүдэд банкныхан болоод цэцийн гишүүдийг намнаж хойд хар овоо босгох улс төр л явлаа. Эрх баригчдын үг мэдэгдэл бүрт нь бид буруугүй, нөгөөдүүл хийсэн гэх матаас л байлаа.

 

Хөх тэнгэрийн дор Нам төвтэй болсон манай парламент л байх юм байна. Цэцийг ч зүгээр өнгөрөөхгүй байх бололтой. АН-ын өмнөө барьдаг хуульч, гишүүн Х.Тэмүүжин цэцийн одоогийн гишүүдийг тэтгэвэрт нь гаргах хуулийн төслийг санаачлан Их хурлын даргад өргөн барив. Энэ нь байнгын хороогоор ногоон гэрлээр орж ирсэн бөгөөд анхны хэлэлцүүлгээ төвөггүй давлаа. 

 

Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайд бол энэ нь шинэ сэдэв биш. Гэхдээ гэнэтийн гэж болохоор. Энэ талаар Х.Тэмүүжин урьд нь гишүүн ярьдаг байсан. Харин яг энэ үед хуулийн төслийг өргөн барьсан цаг хугацаа болоод одоогийн улс төрийн өрнөлөөр харах юм бол Цэцийн зүгээс гаргасан эрх баригчдад илт таалагдаагүй шийдвэрүүдийн хариуд өгч байгаа сөрсөн базаа гэж ойлгогдож байна.

 

Энэ бүхнийхээ эхэнд хууль тогтоогчид Иргэний хуультай холбоотой өмчийн зарим нэг заалтыг яаж өөрчлөх хэрэгтэй вэ гэдэг дээрээ л хэлэлцүүлэг өрнүүлж баймаар санагдах юм. Цэцийн гаргасан шийдвэрт дурьдагдаад байгаа Үндсэн хуультай зөрчилдсөн хуулийн заалтуудыг хэрхэн залруулах гарцаа л олбол цааш явчихмаар гэж захын иргэн хэлнэ.

 

Банкныхан бүх зээл бүтээгдэхүүн дундаасаа ипотекийн зээлэндээ л илүү хайртай байснаа энэ хугацаанд мөн ч олон удаа хэллээ. Эрсдлийн баталгаа нь эрх зүйн талаасаа дахин хангагдвал зээлээ үргэлжлүүлье гээд байна. Энийг хариуцсан салбар хороод өөрсдөө хийж чадахгүй бол Ц.Нямдорж гишүүнийг уриад хамт суувал хэлээд өгье л гэсэн байна. Ингээд харахаар 8 хувьд улс төржөөд байх хэрэг байгаа юм уу.

 

Үндсэн хуулийн манаач нараа хүртэл намнахдаа тулж байна. Одоо улстөрчид олсоо бүр дээш нь хөх тэнгэр өөд шидэж үздэг болж. Үзүүр нь хүрвэл үүлнээс ч зүүгдээд засаглалын оройд буруу байхгүй залраад байх бололтой.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
гарын таван хуруунд багтчихаар хэдхэн банкир Монголын төрийн томчуудыг бүгдийг худалдаад авчихав уу гэмээр хууль хийлгэчихээд тэр хууль нь ҮХ болон ард түмний эрх ашигт нийцэхгүй байна гэсэн шийдвэр гаргасныг ҮХЦ-ийг банкны зээлийг зогсоож хүүг өсгөсөн мэтээр ард түмэнд худал пиар хийгээд........ ард түмнийг бүгдээрээ тэнэг хууль мэддэггүй гэж элэг барьж доромжлохоо хэзээ болих юм бол. ...
2015-12-24