ШУУД онцолж байна
2015-12-25

Өнгөрч буй 2015 онд дэлхий дахинаа болсон онцлох гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

 

Хэт даврагчдын хүчийг сааруулсан Оросын цэргийн ажиллагаа

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин удаан хугацааны турш Сири улсад цэргийн ажиллагаа явуулахаас татгалзсны эцэст өнгөрсөн есдүгээр сарын 30-наас эхлэн тус улсад агаараас цохилт өгөхийг зөвшөөрсөн билээ. Энэхүү цэргийн ажиллагааг Башар аль Ассадын дэглэмийг хамгаалах бус Сирийн ард түмнийг хамгаалах зорилготой гэж Путин мэдэгдсэн. Орос улс гурван сарын хугацаанд Сирид 4895 удаа агаараас цохилт өгч, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн 1500 гаруй объектийг устгаж, хүчийг нь сааруулахад голлох үүргийг гүйцэтгэжээ.

 

В.Путин хэт даврагчдыг устгаж, Сирийг чөлөөлөх хүртлээ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ. Харин АНУ тэргүүтэй олон улсын эвсэл Оросын цэргийн ажиллагаа эхэлсэн цагаас “Путин, Ассадыг хамгаалж байна” хэмээн буруутгасан. Олон улсын эвсэл нэг жилийн хугацаанд хэт даврагчдын эзэмшлийн 500 гаруй объектийг устгасан байна.

 

Бүлэглэлээс вант улс болжээ

 

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл энэ онд өөрсдийгөө зүгээр зэвсэг барьсан алан хядагчид биш гэдгээ батлав. Тэд Сири болон Иракийн газар нутгийн талаас илүү хувьд нь эрхээ тогтоож, жинхэнэ вант улс байгуулахын тулд өөрсдийн гэсэн мөнгөн дэвсгэрт гаргаж, газрын тос, хүний наймаа болон зэвсгийн наймаагаар энэ онд гэхэд 1.5 тэрбум ам.долларын ашиг олжээ.

 

Хэт даврагчид мөн өөрсдийнх эсрэг нэгдсэн 60 улсыг заналхийлж, террорист халдлага үйлдэхээ сануулж, зарим улсад халдлага үйлдсэн. Олон улс тус бүлэглэлийн ард томоохон хөрөнгөтэй улс нуугдаж, санхүүжүүлдэг хэмээн харддаг.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус бүлэглэлийн ард тэдний эсрэг тэмцэх нэгдсэн улсууд байгаа хэмээсэн. Тэрбээр Туркийг хэт даврагчдаас хямдхан газрын тос худалдан авдаг хэмээн буруутгадаг билээ. Мөн тус бүлэглэлийг санхүүжүүлдэг 20 гаруй улсын нэрийг зарлана хэмээсэн бөгөөд Сири улсад цохилт өгч буй олон улсын эвсэлд багтсан зарим орон энд багтсан байгааг мэдэгдсэн юм.

 

Европын толгойны өвчин-дүрвэгсэд

 

 

Хөгшин Европын толгойны өвчин болоод буй дүрвэгсдийн асуудал энэ оны хамгийн чухал үйл явдал байлаа. Иргэний дайн, алан хядах ажиллагаа, газар нутгийн маргаан гэх мэт олон шалтгааны улмаас эх орноо орхин гарч буй сая сая цагаачид шинэ амьдрал хайн барууны орнуудыг чиглэн ирсээр байна.

 

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан төвөөс “Энэ онд л гэхэд гурван сая дүрвэгч Газар дундын тэнгисийг гатлан өндөр хөгжилтэй орнуудад ирсэн” гэж мэдэгджээ. Европын холбоо ойролцоогоор 1.2 сая дүрвэгчид орогнол олгосон байна. Герман 800 мянган дүрвэгсдийн хүлээн авсан бол 2017 онд гэхэд хүлээн авах дүрвэгсдийнхээ тоог 1.5 сая болгохоо мэдэгдсэн. Харин Канад, Австри, Австрали, Грек цөөн тооны дүрвэгчид орогнол олгосон бөгөөд оройлцоогоор 10 мянган хүнд дахин боломж олгожээ.

 

Халдлагууд

 

 

Өнгөрөгч онуудтай харьцуулахад энэ онд өндөр хөгжилтэй орнуудад аймшигтай халдлагууд ар араасаа гарлаа. Парис хотноо болсон халдлагаар 130 хүн, Бангкокийн халдлагаар 22 хүн, Афганистаны Пешавар мужид хэт даврагчид сургууль барьцаалж, 140 хүүхдийн аминд хүрсэн бол Тунис хотноо зэвсэг барьсан эр 33 хүний аминд хүрчээ. Эдгээр халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл байгааг тогтоогоод байгаа юм.  

 

Хэт даврагчид хилийн чанадад халдлага үйлдэхийн тулд гадаад иргэдийг гишүүнээ элсүүлсэн байдаг. Нарийн төлөвлөгөөтэй, сайтар зохион байгуулалтай байгаа учир халдлагад өртөж буй улсын удирдлагууд аюулаас урьдчилан сэргийлж чадахгүй байна. Тус бүлэглэл өөрсдийн олон нийтийн сүлжээгээр дамжуулан АНУ, Герман, Австрали, Австри, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг заналхийлсээр байгаа юм. Тэднээс гадна “Боко Харам”, “Аль Кайди”, “Аль Шайба” зэрэг зэвсэгт бүлэглэлүүд энгийн иргэдийг хохироосоор байна. НҮБ-ын судалгаагаар энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар хэт даврагчдын гарт 7000 орчим хүн амиа алджээ. Зөвхөн “Боко Харам” бүлэглэлийн гарт 3000 хүн амиа алдсан гэнэ.

 

Эмэгтэйчүүд анх удаагаа саналаа өглөө

 

 

Саудын Араб улс хэдий байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлж, өндөр хөгжилтэй улс хэдий ч эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигддөг улсуудын тоонд багтдаг билээ.  Энэ онд тус улсын эмэгтэйчүүдийн хувьд түүхэн жил боллоо. Учир нь эмэгтэйчүүд анх удаагаа орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, саналаа өгчээ. Сонгуульд 20 эмэгтэй нэр дэвшиж, 19 нь ялалт байгуулсан бол 131 мянган эмэгтэй саналаа өгсөн байна.

 

Таалал төгсөөд удаагүй байгаа эзэн хаан 2009 онд эмэгтэйчүүдийг саналаа өгөхийг зөвшөөрчээ. Өнөөдрийг хүртэл тус улсын эмэгтэйчүүд их сургуульд суралцах болон автомашин жолоодох эрхгүй юм. Сонгуульд ялалт байгуулаад буй эмэгтэй гишүүд дээрх асуудлаар удирдлагуудтайгаа уулзаж, олныг хамарсан цуглаан зохион байгуулахаа мэдэгдээд байна.

 

Шинэ эбола болон МЕРС

 

 

Баруун Африкийн хэд хэдэн улсад өнгөрсөн онд эбола вирус бүртгэгдэж, 10 мянган хүний аминд хүрсэн билээ. Энэ оны эхээр эболагийн халдвар буурсан хэдий ч Либери, Нигер зэрэг улсад шинэ төрлийн эбола вирус бүртгэгдэж, 100 гаруй хүний аминд хүрчээ.

 

Эмч нар энэхүү шинэ төрлийн вирусын халдварыг зогсоох бэлдмэл гарган авахаар хичээж буй ч хараахан үр дүнд хүрч чадахгүй байна. Өмнөх эболагаас шинэ эбола сард 1-2 удаа дэгддэг болохыг тогтоогоод буй бөгөөд эхний ээлжинд ундны ус, цусаар дамждаг болохыг тогтоожээ.

 

Эбола Баруун Африкийн орнуудыг заналхийлж буй үеэр “МЕРС” гэх вирусын халдвар Азийн орнуудыг түгшээв. Анхлан Өмнөд Солонгост бүртгэгдсэн тус вирусын халдвараар 10 хүн амиа алдаад байна. Өнгөрсөн есдүгээр сард “МЕРС”-ийн тархалт буурсан болохыг албан ёсоор зарласан билээ.

 

Шашин, шашин, шашин

 

 

Энэ онд шашин шүтлэгээсээ болж олон хүн хохирогч боллоо. Хэт даврагчид шашны туйлшралаас болж олон хүнийг шатаах зэргээр харгисаар аминд нь хүрсэн билээ. Тэд коран судрын нэрийг барин олон хүнийг хохиороосон билээ. Тэгвэл өнгөрсөн аравдугаар сард Саудын Араб улсад уламжлал болгон зохион байгуулагдсан хаж мөргөлийн үеэр 2400 орчим хүн амиа алдаад байна. Тэд Аллах бурханд өөрсдийгөө даатгаж, мөргөл үйлдэж байхад багана нурж, олон хүнийг дарсан билээ.

 

Исламын шашинтнуудын хувьд цохилт болсон дээрх үйл явдлаас өмнө хэт даврагчид Кени улсын их сургуульд хүмүүсийг барьцаалж, 140 хүний аминд хүрсэн билээ. Хэт даврагчид оюутнуудаас коран судрын хэсгээс асуугаад мэдэхгүй байвал шууд хороож байснаас гадна христийн шашинтнуудыг зэрлэгээс хөнөөсөн. Мөн Иракийн хэт даврагчид энэ онд христийн шашин шүтдэг гэх 300 гаруй залууг өндөр барилгаас шидэж хороожээ.

 

Ислам, христийн шашинтнуудын хувьд аймшигтай жил тохиосон бол Буддын шашны тэргүүн, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өөрийнхөө хойд дүрийг тодруулахгүй гэдгээ мэдэгдэж “Миний дараагийн дүр над шиг зугтаж яваасай хэмээн хүсэхгүй байна” гэж хэлжээ. Тэрбээр мөн дараагийн хойд дүрээ “үзэсгэлэнтэй эмэгтэй байх болно” гэж мэдэгдсэн удаатай.

 

Олон хүний аминд хүрсэн байгалийн гамшиг

 

 

Энэ онд олон улсад байгалийн гамшиг тохиолдож, олон хүн хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Он эхлээд удалгүй Балба улсын нийслэл Катмданду хотноо 7.8 баллын хүчтэй газар хөдөлж, 8100 хүн амиа алдаж, 17 мянган хүн гэмтжээ. Энэхүү газар хөдлөлтөөс нэг долоо хоногийн дараа тус улсад дахин газар хөдөлсөн юм. Дараалласан газар хөдлөлтийн уршгаар Катманду хотын барилга байгууламжийн 80 орчим хувь нь нурсан байна.

 

Энэхүү хүчтэй газар хөдлөлтөөс сар хагасын дараа Чилийн нийслэл Сантиаго хотноо 8.3 баллын газар хөдөлж, таван хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртсэн юм. Мөн өнгөрсөн аравдугаар сард Афганистан, Пакистаны хилийн орчимд 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж 300 гаруй хүн амиа алдсан билээ. Зөвхөн газар хөдлөлтөөр 1000 гаруй хүн амиа алджээ.

 

Газар хөдлөлтөөс гадна зуны аагим халууны улмаас 1500 хүн амиа алджээ. Афганистан, Пакистан болон Энэтхэг улсад энэ зун 30-аас дээш градусын халуун олон хоног үргэлжилж, олон мянган хүний аминд хүрсэн бол АНУ-ын Калифорни мужид ой түймэр гарч, хагас сая хүн орон гэргүй болжээ. Мөн Хятадын боомт хот Тяньжинд хүчтэй дэлбэрэлт болж, 100 гаруй хүн амиа алджээ. Дэлбэрэлтийн уршгаар Тяньжин хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд сүйдсэн билээ.

 

Онгоц хамгийн аюултай унаа

 

 

Өнгөрсөн оны гол дуулиануудын нэг бол 239 зорчигчтой “МН370” болон 295 зорчигчтэй “МН17” онгоцны сүйрэл билээ. Энэ оны дундуур “МН370” онгоцыг албан ёсоор сүйрсэн болохыг мэдэгдсэн бол Украины зүүн хязгаарт осолдсон “МН17” онгоцыг “Бук” гэх пуужингаар устгасан болохыг тогтоосон юм.

 

Харин Ява тэнгист осолдсон 160 зорчигчтой “Airbus A320-200” онгоц сүйрсэн шалтгааны хөдөлгүүрийн хэсэгт доголдол үүссэн учир сүйрсэн хэмээн мэдэгдсэн билээ. Өнгөрсөн оны оньсгууд ийнхүү эхнээсээ тайлагдаж эхэлсэн бол энэ онд олон онгоц осолдож, олон хүн амиа алдаад байна.

 

Энэ оны эхээр Германы “Airbus A320” онгоц Альпийн нуруунд осолдож, 150 хүн амиа алдсан билээ. Онгоцны сүйрэлд хоёрдугаар нисгэгч буруутай болох нь тогтоосон билээ. Мөн Индонезийн “Trigana Air Service” компанийн “ATR42-300” онгоц осолдож, 49 хүн амиа алджээ. Энэхүү ослоос хэдхэн өдрийн дараа Оросын “Турухан” компанийн “Ми 8” онгоц осолдож, 15 хүн амиа алдсан. Өнгөрсөн аравдугаар сард Оросын “Airbus-321” онгоц осолдож, 224 хүн амиа алдсан юм. Оросын онгоцны осол үүгээр дуусаагүй бөгөөд энэхүү явдлаар 20 гаруй хоногийн дараа Оросын байлдааны “Су 24” онгоц осолдож, нэг хүн амиа алдсан билээ.

 

Шинэ лидерүүд

 

 

Энэ онд олон улсад парламентын сонгууль зохион байгуулагдаж, удирдагчдаа сонголоо. Сонгуулийн дүнгээр Австрали, Канад, Мьянмар, Аргентин улс шинэ удирдагчтай болсон юм.

 

Канадын шинэ Ерөнхий сайдаар сонгуульд ялалт байгуулсан намын лидер Жастин Трудо сонгогдон ажиллах эхэлсэн. Саяхан зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин ялалт байгуулснаар Маурисио Макри Аргентинийн Ерөнхийлөгч болсон юм. Австралийг Малькольм Тернбулл удирдахаар болжээ. Харин Мьянмар улсад олон жилийн дараа түүхэн сонгууль явагдаж, сөрөг хүчин ялалт байгуулж, хүний эрхийн төлөө тэмцэгч Ан Сан Су Чи тус улсыг тэргүүлэхээр болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин