Бээжинд хутгатай этгээд жуулчны аминд хүрчээ
2015-12-25

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хутгатай этгээдүүд олон нийтийн газраар халдлага үйлдэх нь ихэссэнтэй холбогдуулан тус улсад амьдарч, ажиллаж буй гадаадын иргэдэд анхааруулга өгсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Гэмт этгээдүүд ихэвчлэн Европын иргэдэд халдах болсон байна. Саяхан Санлитун дүүрэгт байрлах нэгэн худалдааны төвд хүйтэн мэсээр зэвсэглэсэн хоёр этгээд австрали эмэгтэйг хөнөөж, франц эрийг хүндээр шархтуулжээ.  

 

Амиа алдсан эмэгтэй жуулчин байсан бол шархтсан эр Хятадын нэгэн компанид санхүүгийн зөвлөхөөр ажилладаг байсан гэнэ. Халдлагын улмаас Бээжин хотноо суугаа АНУ, Их Британи, Франц болон Герман зэрэг орны элчин сайдууд иргэддээ сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна.

 

Бээжингийн цагдаагийн газраас “Жуулчид болон гадаадын иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Учир нь зул сарын баяртай холбогдуулан хотын хөдөлгөөн ихсэх болно. Санлитун дүүрэгт байрлах дэлгүүр, худалдааны төвөөр ихэвчлэн барууны иргэд үйлчлүүлдэг. Тиймээс та сонор сэрэмжтэй байх ёстой” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин