Бусдыг архиар шахаж согтоовол хуулийн хариуцлага хүлээнэ

Шинэ он дөхөж, байгууллага аж ахуй нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэж байна. Энэ үед архи согтууруулах ундааг зүй зохистой, тохируулан хэрэглэх, архигүйгээр баярлахыг цагдаагийн байгууллагаас уриалж байгаа билээ. Баярын өдрүүдэд архи хэтрүүлэн хэрэглэх, архи уудаггүй нэгнээ шахаж согтоосноор амь нас, эрүүл мэндэд нь халтай эрсдэлд хүргэсэн тохиолдлууд байдаг.
Бусдыг архиар шахаж, согтоох нь хуулиар хориотой гэдгийг манай иргэд төдийлөн мэддэггүй. Тэгвэл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно. Үүнийг зөрчсөн бол иргэнийг 10-15 мянга, албан тушаалтныг 45-60 мянган төгрөгөөр торгоно гэж мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан байдгийг иргэд төдийлөн мэддэггүй.
Хэрэв танай байгууллага хамт олон шинэ жилийн баяр тэмдэглэх гэж байгаа бол архинаас татгалзах, архи, согтууруулах ундааг хэрэглэх бол тохируулан болзошгүй эрсдлээс сэргийлэхийг, гэр бүлдээ тэмдэглэж буй баярынхаа үеэр, хүүхдийнхээ дэргэд архи, пиво уухгүй байхыг зөвлөж байна.
Энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 691 гэмт хэрэг гарсны 37 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэсэн тоо баримт байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ