“Харшийн сүлд модны наадам” боллоо
2015-12-25

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монголын хүүхдийн ордонд  “Харшийн сүлд модны наадам” боллоо. Тус арга хэмжээнд эрсдэлийн түвшин тогтоох программд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд, нийслэлийн “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын нийт 1000 хүүхэд оролцов. Энэ үеэр Монголын хүүхдийн ордноос, хүүхэд багачуудад зориулан “Баясгалантай багачууд” хүүхдийн урлагийн тоглолтыг сонирхуулж, Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл,  Ц.Буяндалай нар бэлэг гардууллаа. Сүлд модны наадамд оролцож буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалт явуулдаг байгууллага болон  сурагчид, эцэг эхийн сэтгэгдлийг хуваалцлаа

 

“Шинэ хос, номин оюун” ТББ-ын тэргүүн Ц.Нинжээ: Нийслэлийн удирдлагуудад баярлалаа

 

-Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд манай төвийн 15 хүүхэд ирж оролцож байна.  Хөгжлийн бэрхшээлтэй асаргаанд байдаг 2-16 насны сургууль цэцэрлэгт хамаарагддаггүй хүүхдүүдийг нийгэмшүүлэх сургалт явуулдаг. Тэр хүүхдүүд том болоод гарын үсэгээ өөрийнхөөрөө зурчихдаг, тоо тоолдог, өнгө ялгадаг, бусадтай инээмсэглээд мэндэлчихдэг болгохын тулд сургалтыг гурав дахь жилдээ явуулж байна. Үр дүнд нь 7-8 хүүхэд цэцэрлэгт хамруулж, 10 гаруй хүүхэд сургуульд хамрууллаа. Өнөөдрийн энэ арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Олон нийтийн арга хэмжээнд оролцож чадахгүй гэртээ л байдаг хүүхдүүдийг ийм сайхан үйл ажиллагаанд оролцуулж байгаа Нийслэлийн удирдлагуудад их баярлаж байна.

 

Сурагч Б.Билгүүн: /Намайг онц сурсан болохоор бэлэг өгнө гэсэн

 

-Би “Сэтгэмж” цогцолбор сургуулийн 5А ангид сурдаг. Намайг онц сурсан гээд өнөөдөр бэлэг өгнө гэсэн. Тэгээд бусад хүүхдүүдийг ч гэсэн хичээгээд онц сураарай гэж хэлье. “Харшийн сүлд модны наадам”-д өнгөрсөн жил аав ээжтэйгээ ирж оролцож байсан.  Гоё байна.

 

М.Мянганбуу /Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн/: Ярьж чадахгүй болохоор дохиогоор “Гоё юмаа” л гээд байна

 

-Манай төвөөс гурван хүүхэд оролцуулж байна. Ийм сайхан арга хэмжээндээ хөгжлийн бэрхшээлтэй гэж тусгаарлалгүй оролцуулж байгаад маш их баярлаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй гээд ийм олон нийтийн арга хэмжээнд хүүхдүүд маань оролцдоггүй. Дандаа л тусгаарласан сургалт, тусгайлсан тоглолтонд л хамрагддаг болохоор нийгмээс хөндийрсөн байдалтай байдаг. Манай охин анх удаа л ийм гоё юманд оролцож  байгаа болохоор их баярлаж байна. Даанч өөрөө ярьж чадахгүй болохоор та нарт хэлж чадахгүй. Надад бол дохиогоор “Гоё юм аа” л гээд байна /уйлав.сур/.

 

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин