Гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгууллаа
2015-12-25

Гал түймрийн тоо нэмэгдэж түүнээс учрах хохирол өсч байгаатай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар гэр хорооллын айл өрхүүдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна. 

 

Энэ жил нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн гал түймрийн дуудлагын 80 гаруй хувийг гэр хорооллын айл өрхөд гарсан гал түймэр эзэлж байгаа юм. Гэр хорооллын айл өрхүүдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар хөдөлгөөнт ухуулга, сурталчилгааг (автобусны эцсийн буудал, худалдаа үйлчилгээний төв, хорооны байр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, худаг орчмын газруудад) зохион байгуулж, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам, талбайгаар чанга яригч бүхий автомашинтай явж урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга сурталчилгаа хийх аж.

 

Мөн гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам, талбайд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд ухуулга сурталчилгаа хийж, сэрэмжлүүлэг материал тарааж хороодын Засаг даргын ажлын байранд мэдээллийн самбарыг тогтмол ажиллагаанд оруулж, хэсгийн ахлагч нарт гэр хорооллын галын аюулгүй байдлыг хангах талаар сургалт зохион байгуулах юм байна.

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид гэр хорооллын айл өрхүүдэд галлагааны хэрэгсэлд биечлэн үзлэг хийж газар дээр нь заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна. Нэгдсэн арга хэмжээ ирэх сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Shuud.mn
Сонин хачин