Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
2015-12-26

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Түүхий арьс, ширийг 2016 оны 2 дугаар сарын 5 хүртэл экспортолно

 

Түүхий арьс, ширийг тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд экспортлохыг зөвшөөрлөө. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан дүнг Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

 

Статистик мэдээгээр Монгол Улсад 2014 оны жилийн эцсийн байдлаар 2995,8 мянган толгой адуу тоологдсон бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 14,4 хувиар өссөн байна.

 

2011-2013 онуудад жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байсан бол 2014 оны жилийн эцсийн байдлаар 222,8 мянган адууны шир бэлтгэгдсэнээс дөнгөж 65,4 мянган ширхэг буюу 29 хувийг экспортолсон байна.

 

 

Дэрэвгэр жиргэрүү, хуш модны самрын идээг гадаадад гаргах асуудлыг хуульд  нийцүүлэн шийдвэрлэнэ

 

2015 онд зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн байгалийн ховор ургамлыг гадаадад гаргах талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 

 

2015 онд зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүү, хуш модны самрын идээг “Байгалийн ургамлын тухай”, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай”, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуульд заасан шаардлагад нийцүүлэн гадаад улсад гаргах асуудлыг шийдвэрлэхийг  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгалаа.

 

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 5 аж ахуйн нэгж, 1 иргэн 150 тонн хуш модны самрын идээ, 8 аж ахуйн нэгж 101,5 тонн дэрэвгэр жиргэрүү гадаадад гаргах хүсэлтээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн байна. 

 

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгалаа

 

Зарим аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохих журмын дагуу сунгахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд зөвшөөрлөө. Тогтоолын дагуу ажиллах хүч, мэргэжилтнээр төлөвлөгөөт ажлыг гүйцэтгүүлэн, 2016 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нар үүрэгт болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Товч мэдээ

- “Төрийн өмчит аж ахуйн нэгжийн авлагыг барагдуулах тухай” Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 515 дугаар тогтоолын 1 дэх заалтад заасны дагуу шилжүүлэх Засгийн газрын үнэт цаасны дүнд багтаан Хөгжлийн банкны ирээдүйд төлөх татварт суутган тооцох арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

 

-Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн О.Ганбатыг Гаалийн ерөнхий газрын даргын, Д.Ариунсанг Татварын ерөнхий газрын даргын, Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын, Т.Аюурсайханыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, А.Ариунболдыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.

 

Д.Болдыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар, Д.Мөнхтөрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус томиллоо.  

 

- Танхимын зарчмаар ажиллах журмыг зөрчсөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарт Төрийн албаны тухай хуулийг үндэслэн цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдууллаа.

 

- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тодорхой салбарын бодлого, үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, яамдаар уламжлан төрийн хууль тогтоох, гүйцэтгэх дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандаж байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудад үүрэг болголоо.

 

Shuud.mn
Сонин хачин
Shudarga unen:
Deerhu uuriin huselteer ajilaa ugch bgaa humuus songuulid ner devshih gee yu Ayursaihan gej bolovsrolgui nuhur. Ardchilsan namd ene hunees uur uhaantai bolovsroltoi bolovson huchin olon bgaa sh dee.......
2015-12-27