МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг батлав
2015-12-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Тус зөвлөлийн гишүүн Д.Сосорбарам, Б.Цэнддоо нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болжээ. 

 

 

Тиймээс Ерөнхийлөгч Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд “Икэл сан” Төрийн бус байгууллагын Олон нийттэй харилцах албаны дарга Жарантайн Соёл-Эрдэнэ, “Цахим өртөө холбоо” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Содномдоржийн Санасэр, Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Бадам-Очирын Галаарид нарыг нэр дэвшүүлсэн байна.

 

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дээрх гурван хүнийг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн  гишүүнээр батлав.

 

Үндэсний зөвлөлийн  гишүүдийг танилцуулбал:

 

Жарантайн Соёл-Эрдэнэ нь 1975 онд Ховд аймагт төрсөн, 1993-1997 онд Улсын Багшийн Их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгссөн, 2014 онд Монгол Улсын Боловсролын Их сургуульд “Олон нийтийн телевизийн хөтөлбөрийн хөгжил, төлөвшил” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 1998 онд “Ардын эрх” сонинд сэтгүүлч, 1999 оноос Монголын Үндэсний Радиод редактор, 2000-2011 онд Монголын Үндэсний Телевизэд редактор, 2011-2013 онд Шууд Телевиз, шууд.мн ХХКомпанийн гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “Батаар медиа” ХХКомпанийн захирал, Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “Икэл сан” Төрийн бус байгууллагын Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байна. Үндэсний түүх уламжлал, соёл урлагийг дэлгэрүүлэх, сурталчлахад идэвхийлэн ажиллаж буй ийм хүн байна.

 

Содномдоржийн Санасэр нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн, 1998-2002 онд Монгол Улсын Их сургуулийг Эдийн засагч, бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж төгссөн, 2002-2006 онд Америкийн Нэгдсэн Улсад мэргэжил дээшлүүлж, Калифорнийн Олон улсын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан, 2009 оноос Монгол Улсын Их сургуульд Компанийн засаглалын чиглэлээр докторант. 2008 оноос Монгол Улсын Их сургуульд багш, “Цахим өртөө холбоо” Төрийн бус байгууллагын гишүүнээр ажиллаж байна. “Цахим өртөө холбоо” Төрийн бус байгууллага нь дэлхий даяар тархан суугаа монголчууд, монгол угсаатны гүүр болох эрхэм зорилготой байгууллага юм.

 

Бадам-Очирын Галаарид  нь 1966 онд Говь-Алтай Аймгийн Бугат суманд төрсөн. 1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Уралын Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн, 2011 онд Монгол Улсын Боловсролын Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонины сурвалжлагч, “Улаанбаатар” сонины утга зохиолын нарийн бичгийн дарга, “Өнөөдөр” сонины эрхлэгч, “Монгол кино” нэгтгэлийн ерөнхий редактороор ажиллаж байсан. 2014 оноос Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолтой аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Галаа Соелоо нартай амжилт хүсьe Харьцангуй шударга чадвартай хүмүүс
2016-02-19
Зочин:
bayr hurgey amjilt
2016-01-04
Зочин:
demjij bna amjilt husiy
2015-12-29
Зочин:
demjij bna amjilt husiy
2015-12-29
Altaa:
Mongoliin Setgvvl zuin saihnii shudarga vnenii toloo zutgej bui hvmvvs bn bayar hvrgei
2015-12-27