Ц.Шижир: Ирэх онд 68 байршилд газар өмчлүүлнэ
2015-12-30

Энэ оны цахим газар өмчлөлийн сүүлийн сонгон шалгаруулалт буюу тавдугаар ээлжийн бүртгэл энэ сарын 14-ны өдрийн 12.00 цагт эхэлсэн. Бүртгэл өнөөдөр дуусгавар болж, газар өмчлөлийн цахим систем 12.00 цагт автоматаар хаагдлаа. 137 мянган иргэн хүсэлт ирснээс санамсаргүй байдлаар 8088 иргэнд газар өмчлөх эрхийг олгох юм байна. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын ахлах ажилтан Ц.Шижирээс тодрууллаа.

 

-Сонгогдсон иргэдийн өргөдөл баталгаажуулалтыг хэзээнээс эхлэх вэ?

 

-Тавдугаар ээлжийн бүртгэлээс,  газар өмчилж авахаар сонгогдсон иргэд нэгдүгээр сарын  4-ний өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд амжиж харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулах шаардлагатай. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд 27 дугаар хорооны байранд, Улаанбаатар хотод оршин суудаг, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон иргэд, Хан-Уул дүүргийн “Соёлын ордон”-д очиж өргөдлөө баталгаажуулна.

 

-Иргэд заасан хугацаанд өргөдлөө баталгаажуулж амжаагүй тохиолдолд яах вэ?

 

-Заасан хугацаанд газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй тохиолдолд хүчингүй болно. Өөрөөр хэлбэл дараа жил зарлагдах сонгон шалгаруулалтанд  дахин газар өмчлөх өргөдлөө өгнө гэсэн үг.

 

-Газар өмчлөлийн гэрчилгээ олголт хэдийгээр эхлэх бол?

 

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд 90 хоног буюу 3 сарын дотор газар өмчлүүлнэ гэж заасан байдаг. Хэрэв шаардлагатай асуудал гарсан тохиолдолд 28 хоногоор хугацааг сунгадаг. Аль болох богино хугацаанд  иргэдэд бичиг баримтыг нь олгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

-Цахим системд бүртгүүлэх гэхээр алдаа заагаад өргөдлөө бөглөж чадаагүй гэх гомдол иргэдийн дунд нэлээдгүй  байна?

 

-Хөдөө орон нутагт ч юм уу  урьд нь газар өмчилж байсан, эсвэл ямар нэгэн хэлбэрээр өмчлөлд орж байсан бол систем хүсэлтийг хүлээж авдаггүй байгаа. Цахим системээр газар өмчлөх асуудлыг зөвхөн нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцаж ажилладаггүй. Үндсэн чиг үүргийн хувьд Өмчийн харилцааны газар, Нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран цахим системээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулдаг. Цахимаар газар өмчлөх системийн үндсэн сервер “Үндэсний Дата төв” төрийн өмчит газар дээр байрладаг. Үйл ажиллагаа системийн сонголт, бүх процесс Тагнуулын ерөнхий газар, “Кибер” аюулгүй байдлын газрын хяналтан дор хамтын ажиллагааны хүрээнд явагддаг. Системийн сонголт бол ямар нэгэн тогтсон давтамжгүй, санамсаргүй байдлаар автоматаар сонгодог учраас шударга болдог.

 

-Ирэх онд хичнээн байршилд газар өмчлүүлэх вэ?

 

-68 байршилд газар өмчлөлийн ажлыг үргэлжлүүлэхээр НИТХ-аар баталсан. Мөн Шадивлан, Шаргаморьт зэрэг зуслангийн 47 мянган нэгж талбарыг  өмчлүүлэх ажлыг эхэлнэ. Нийтдээ 21 аманд зарлагдах бөгөөд 9 амны газар төлөвлөлтийн зургийг гаргаж,  хээрийн судалгааг хийж бэлэн болгоод байгаа. Мөн бид орон сууцанд амьдардаг айлуудын, орон сууцных нь доод талын газрыг тусгай ковцентоор нь өмчлүүлье гэсэн саналыг гаргаад байна. Эрхзүйн хувьд асуудалтай байгаа учраас төлөвлөсний дагуу шийдэгдээгүй байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Kub:
Khotyn orchimd ger khoroololyn zoriulaltaar gazar uguud baikhaar utaa buurakh uu ... khot telekheer bol yaakh ve muusain khuviin khicheesen yumnuudaas bolood oron suuts barij chadakhgui bga yum shig yum yarikh uu ... bodlogoo uyalduulmaar yum
2015-12-31
Зочин:
Oron suutsnii dood gazar umchluuleh asuudal Baij bolohgui l dee erh zuin huvid UNDSEN HUULI zurchuud yavchihana shuu dee
2015-12-31
зочин:
Сонгогдсоноо яаж мэдэх юм бэ. Хэзээ сонгон шалгаруулалт чинь болох юм бэ
2015-12-30
Жо:
Нийслэлийн газарыг тэлж утаа ихсгэж байгаа мунхаг юмнууд хурдан далд ороосой
2015-12-30
Bat:
ковцент гэж үг байдаггүй юмаа Тэгшсүрэн гуай ийм бүдүүлэг алдаа гаргадаг сэтгүүлч сурвалжлагч олширч байгаа нь гутамшигтай
2015-12-30