Газар хөдлөлтөөр 9 хүн амиа алджээ
2016-01-05

Мьянмар, Бангладешийн хилийн ойролцоох Энэтхэгийн хойд хэсгийн Манипур мужийн Импхал хотод өчигдөр 4.35 цагийн орчимд 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Бангладеш улсад хүчтэй мэдрэгдсэн хэмээн албаныхан мэдээлсэн байна. Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар есөн хүн амиа алдаж, 36 хүн гэмтсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Амиа алдагсдын зургаан нь Манипур мужийн иргэд бол үлдсэн нь Бангладешийн иргэд байжээ. Энэтхэгийн “Press Trust of India news” агентлагийн мэдээлснээр “Газар хөдлөлтийн үеэр 74 байшин нурсан” гэв.

 

Гамшгийн бүсэд 895 аврагч ажиллаж буй бөгөөд газар хөдлөлтийн үеэр сураггүй алга болсон иргэдийн мэдээлэл цагдаагийнханд ихээр ирэх болжээ. “Сураггүй алга бологсдын тоо гараагүй байна” хэмээн Манипур мужийн дарга мэдэгдсэн байна.

 

2005 оны долоодугаар сард Пакистаны Кашмир хотноо 7.6 баллын хүчтэй газар хөдөлж, 75 мянган амиа алдсан бол өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Балба улсад 7.8 баллын газар хөдлөлт болж 9000 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин