В.Сүрэнжав: Хөдөлмөрлөж байгаа хүн ядардаггүй юм
2016-01-05

Хэн ч анзаардаггүй, хэнд ч анзаарагддаггүй хүмүүс л энэ улс орны дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж байх шиг...Ийн бодсоор Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтан, алтан гадас одонт В.Сүрэнжав гуайтай уулзахаар зорьж очлоо. “Хоёулаа  дулаан газар орж ярилцая” гэхэд “Ажлаа орхиод явж болохгүй. Дарга загнана” гэнэ. “Тэгвэл цайны цагаараа багахан зав гаргах уу” гэхэд  “Бид төв оффис дээр очиж нэгдсэн журмаар цайндаа ордог юм. Хоцорч болохгүй” гэв. Ингээд ажлаа хийх хооронд нь түүнтэй хэсэг хором ярилцлаа.

 

 

-Гадаа их хүйтэн байна. Та даарч байна уу?

-Үгүй ээ. Ах нь ер даардаггүй ш дээ. Чи миний гарыг бариад үз дээ. /бээлийгээ тайлж гараа бариулж үзүүлэв.сур/. Ер нь хөдөлмөрлөж байгаа хүн даардаггүй, ядардаггүй юм. Тэгээд ч 35 жил хийж байгаа ажилдаа дасчихсан болохоор даарахын зовлонг ажрахаа байж дээ. Социализмын үед бол вагон буулгахаас эхлээд их чанга байсан шүү. Цэрэгт явж ирээд л энэ ажлыг хийж эхэлсэн. Одоо би 57 нас хүрч байна.

 

-Нийслэлийн цэвэр цэмцгэр байдлын төлөөх 35 жилийн хөдөлмөрийг тань төр, засаг үнэлж “Алтан гадас” одонгоор оны өмнөхөн шагналаа?

-Би медаль авсан нь чухал биш л дээ. Социализмын үед тэргүүний хоёр тэмдэг, залуу үеийг халамжлагч, гавшгайчийн хүндэт гээд зөндөө л тэмдэг авч байсан. Байгууллагынхаа аваргаар 7-8 удаа шалгарч байлаа. Хамгийн чухал нь миний болоод бидний ажил хөдөлмөрийг олж харж, үнэлсэн явдалд л туйлын баяртай байгаа.

 

-Өглөө хэдэн цагт гэрээсээ гарч, орой хэдэд харьж байна вэ?

-Өглөө ажил 7 цагт цугладаг юм. Би  гэрээсээ дөрвөн цагт гардаг. Эрт гарч ажлаа хөнгөвчлөхгүй бол амждаггүй юм. Орой 17.00 цагт буудаг. Социализмын үед бол нэг л минут хоцроход тэр өдрийн цалин бодогдохгүй, ажилласанд тооцогддоггүй байлаа. Залуу байхад их ч нойртой байж дээ. Одоо бол ажил бодогдоод нойр хүрдэггүй юм. Ажилдаа ч өөрөө дуртай. Одоо гурван жил ажиллачихвал тэртээ тэргүй тэтгэвэртээ гараад хийх юмгүй, гавьяаныхаа амралтад сууна даа. Тэтгэвэртээ гарахад яг 1080 хоног л дутуу байна. Нийслэлийн цэвэр цэмцгэр байдлын төлөө олон жил ажиллалаа. Тэтгэвэртээ гараад л нэг мөсөн амрана даа. 

 

 

-Өглөө эрт гарахаар автобус унаа олдох уу? Гэр хаана вэ?

-Унааг аргална аа. Ихэнхдээ алхчихдаг юм. Үүрээр ажилдаа гараад алхах чинь их сайхан байхгүй юу. Социализмын үед 19 дүгээр хорооллын таван давхар тоосгон барилгын тэнд  хоёр өрөө байр авсан. Одоо тэндээ амьдардаг. Би хоёр охин, хоёр хүүтэй. Нэг охин маань “Оюутолгой”-д ажиллаж байна. Нөгөө охин маань хөөрхөн маамуутай болоод гэртээ байгаа. Хоёр бандиа хоёуланг нь дээд сургууль төгсгөсөн. Нэг нь “Шинэ идэр” дээд сургуулийг төгссөн. Нөгөө нь зураач мэргэжилтэй. Хүн болж төрснийхөө хэргийг бүтээж л явна.

 

-Нэг хүн өдөрт ямар талбай цэвэрлэдэг вэ?

-Миний хувьд “Лаборатор”-ын автобусны буудлын гэрлэн дохионоос “Мандах бүртгэл” дээд сургуулийн хашаа хүртэлх замын цасыг цэвэрлэж, орчны цэвэр байдлыг хариуцаж ажилладаг юм. Хүн харахад өрөвдмөөр, халширмаар харагддаг л байх. Гэхдээ энэ ажлын юу нь сайхан гээч. Замын шүүрдсэн талыг шүүрдээгүй хэсэгтэй нь харьцуулаад харахад л мэдэгдэнэ. Үр дүн нь хэдэн цагийн дараа, хэд хоногийн дараа биш нүдэн дээр бий болдог нь сайхан. Хүмүүс “зам цэвэрлэсэнгүй” гэж зүхэж хараадаг шигээ, “цэвэрлэчихэж шүү” гэж анзаардаг болов уу гэж заримдаа би боддог л юм.

 

-Авч байгаа цалин амьдралд хүрэлцэхгүй байна гэж хүмүүс ярьж байна. Таны хувьд?

-Сардаа бид 670 мянган төгрөгийн цалин авдаг. Амьдралд хүрэлцэж л байна. Болно оо. Үүнээс илүү яах вэ дээ. Юмны бага нь амттай шүү дээ. Надад 800 мянга, нэг сая төгрөгийн цалин ихэднэ. Ер нь тэгээд их бага хэмжээгээр хөдөлмөрлөөд, тэр хөдөлмөрийнхөө үр шимийг авч байна, амсч байна гэдэг чинь л амьд яваагийн хэрэг шүү дээ. Тийм болохоор их бага нь надад чухал биш ээ.

 

-ТҮК-ийн ажилчдыг жолоочид машинаараа шахдаг, “Замаас холд” гэж загнадаг гэх асуудал яригддаг. Таныг тэгэх юм уу?

-Ах нь төмөр сав бүхий тэрэгтэй болохоор намайг шахаж чаддаггүй юм /инээв.сур/. Хуванцар сав тэрэгтэй ажилчдыг болохоор шахаж барих асуудал байдаг л гэсэн. Миний тэрэг замын нууханд илүү ч үгүй, дутуу ч үгүй яг таарчихна.

 

-Зарим нь машинд шүргүүлдэг. Хүнд бэртчихээгүй л бол хувцсаа гөвчихөөд л үргэлжлүүлээд ажлаа хийдэг гэдэг. Ийм тохиолдол үнэхээр байдаг юм уу?

-Тийм асуудал байна аа. Гэхдээ нэг үеэ бодвол жолоочид соёлтой болж байгаа. Хуванцар сав бүхий тэрэг замын нуухнаас жаахан илүү гараад замын хөдөлгөөнд жаахан саад болдог гэх юм билээ. Тэгээд жолоочид бухимддаг, уурладаг асуудал байдаг л гэдэг. Ахтай нь тийм зүйл таараагүй ээ. “Зайлуул муу өвгөнийг дайрчихвий” гээд холуур явдаг биз. Ах нь сая оны өмнө 10 хоног эмнэлэгт хэвтээд гарч ирсэн. Царай жигтэйхэн гоё  харагдаж байгаа биз дээ. /инээв.сур/. Ажил хийх тусам халууцна, хөдлөөд л байхад хүн ядардаггүй юм.

 

-Монголчууд хогоо ил задгай хаядаг зангаа засч байгаа эсэхийг та л хамгийн сайн дүгнэх болов уу?

-Манайхан нэг үеэ бодвол соёлжиж байна, хогоо ил задгай хаяхаа больж байна шүү. Энэнд би ихэд олзуурхдаг юм. 2007 оны үед бол хаа хамаагүй хогоо хаядаг, бие засдаг байсан. Одоо бол  бас учиртай болчихоод байна. Жолооч нар ундааны сав, тамхины хайрцагаа түгжрээд явж байх хоорондоо, “Ахаа наад саванд чинь хийчихье” гэнэ. Машиндаа идэж уусан юмныхаа хаягдлыг бөөгнүүлээд нэг уутанд хийгээд “Наана чинь хийчих үү, хийчихье тэгэх үү” гэж асууж байгаад хийнэ. Их соёлтой болж байна шүү.

 

 

-Ярилцах хоорондоо ажилдаа дуртай, тэгээд чин сэтгэлээсээ хийж байгааг чинь анзаарлаа.  Даарсан, ядарсан шинж үгүй юм. Бидний үеийн залууст таны энэ зан л хэрэгтэй байна?

-Одоо үеийн залуус их залхуу байна. Намайг хэлбэл, энэ муу хөгшин юугаа мэддэг юм гэнэ биз. Үг мэдэхгүй ээ. /бодлогширов.сур/. Магадгүй энэ төр, засаг нь ч юм уу, ажилд авсан компани нь цалин пүнлүүгээ цагт нь тавихгүй ирийг нь мохоож байж ч болох юм л даа. Бид чинь бага залуудаа, ухаандаа та нарын насан дээр их ажилласаг байлаа шүү дээ. Ажил хийсэн хүн ийм туранхай байдаг юм. Зүгээр суугаад л байгаа хүн махаа дийлэхгүй таргалаад л байдаг юм шүү дээ. /инээв.сур/

 

Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
зөв амьдрал сайхан байна,амжилт хүсье.
2016-01-06
bbbbb:
tseverlegdsen zam anzaaragdalgvi yah ve ta vie bodooroi
2016-01-05
zorig:
Hen ch anzaarahgui uurt onogdson ajlaa hiigeed yavdag terendee setgel hangaluun iim humuus zunduu bdag ter humuusiin neg bol minii aav 1 jil zutgevel tetgevertee garlaa shuu aav mini
2016-01-05
сайхан байна:
Ажил хөдөлмөрч үнэнч шударга илүү дутуу шуналгүй ийм сайхан бодь сэтгэл ёстой сайхан байна.Тэгэхэд банкны дансандаа хэдэн зуун сая тэрбум төгрөгтэй хүмүүс ийм сайхан амар сэтгэл тайван сайхан амьдарч чадахгүй дээ. үхсэн ч ийм хүмүүсийг бурханы оронд хүлээж авна.өнгө мөнгөнөөс өөр юм боддогүй хүмүүс санаа жишээ авах хэрэгтэй. бидний амьдрал мөнгөөр хэмжигдэхгүй, эд баялагын төлөө уралдаан бүр биш
2016-01-05
DL:
Зөв бодолтой ажилсаг хүн байна. баяр хүргэе энэ үйлчилгээнд ажиллаж байгаа өшөө олон сайн ажилчид байгаа тэднийг шагнах хэрэгтэй эрүүл энхийг хүсэн ерөөе
2016-01-05
Иргэн.:
Зөв бодолтой хүн. 5_ настай ажилсаг эр яаж ядрх вэ, харин тэтэгвэрт гараад хөдөлгөөнөө багасгавал ёстой ядарна бие өвдөнө хэцүүднэ.
2016-01-05
zochin:
amjilt ervvl enkhiig hvsye.Amiddaa biy biynaa hairlay
2016-01-05