Хятадын талаар бичсэн зохиолчид сураггүй болжээ
2016-01-05

“Хятадын шинэ хямрал, шинэ үе” гэх номоо хэвлүүлсэн Хонконгийн таван зохиолч сураггүй алга болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ном худалдаанд гараад удалгүй зохиолчид сураггүй алга болжээ. Цагдаагийнхан өнөөг хүртэл сураггүй алга болсон иргэдийг хайж буй юм. Хонконгчууд Бээжингийн эрх баригчдыг буруутгаж, элчин сайдын яамны гадна суулт зарласан байна.

 

Лу Фань гэх эмэгтэй “AFP” агентлагт “Энэхүү номонд хятадын бүхий л булхайг дэлгэсэн учир тэд зохиолч болон бусад хүний амийг таглах зорилгоор хулгайлсан. Тэд зохиолч болон ном бүтээхэд оролцсон эрхмүүдийг барьснаар бидний дуу хоолойг боомилохыг оролдож байна” гэж ярьжээ.

 

Сураггүй алга болсон иргэдийн гэр бүл болон тэдний дэмжигчид гарын үсэг цуглуулан Бээжин хот руу илгээж, тэднийг суллахыг шаардаж эхэлсэн гэнэ. Бээжингийн удирдлагууд сураггүй алга болсон иргэдтэй ямар ч холбоогүй хэмээн мэдэгдсэн ч хонконгчууд үл итгэж буйг олон улсын хэвлэлүүд онцолжээ. БНХАУ-ын Аюулгүй алба болон Мөрдөх албаны удирдлагууд өчигдөр “Бид тус номын зохиолчдын асуудалтай холбоогүй” гэж мэдэгдсэн байна.

 

Нээлтээ хийгээд удаагүй тус номонд Хятадын улс төрийн бодлого, хэлмэгдэгсэд болон гадаад дахь төрийн бодлого мөн улс төрийн золиос болж төмөр торны цаана хоригдож буй хүмүүсийн нэрийг нийтэлсэн байна. Ном нээлтээ хийсэн даруйдаа номын дэлгүүрүүдээс хураагдсан аж.

 

Бээжингийн удирдлагууд “Энэхүү номонд бичигдсэн бүхэн худал. Хуурамч, худал түүхийг нийтэд түгээхийг хүсэхгүй байгаа учир номыг худалдаанд гаргахыг хориглосон” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин