Ираны иргэдийг нэвтрэхийг хоригложээ
2016-01-07

 

Саудын Арабын удирдлагууд өчигдрөөс эхлэн Иран улсын иргэдийг хүлээн авахаа зогсоож, тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдэд дарамт учруулж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Адель аль Жубейр “Иранчууд манай улсад заналхийлж, террорист халдлагууд үйлдэж болзошгүй учир дээрх хоригийг тавьсан. Хориг хэдий хүртэл үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна” гэж хэлжээ.  Ираны удирдлагууд дээрх асуудлаар НҮБ-д гомдол гаргасан байна.

 

Саудын Арабын  шүүх исламын шашны цөөнх гэгддэг шийтийн шашны номлогч Нимр аль Нимр гэгчийг терроризмыг өдөөн турхирсан хэмээн буруутгаж, цаазаар авсан билээ. Уг үйл явдлын дараа иранчууд Тегеран хотноо байрлах Саудын Арабын элчин сайдын яамыг галдан шатааж, тус улсад суугаа бүрэн эрхт Элчин сайдыг заналхийлсэн юм.  Яамыг галдан шатаасан явдлыг Саудын Арабын удирдлагууд эрс буруутгаж, Иран улстай байгуулсан дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн билээ.

 

Саудын Арабын дэмжигч орнуудын нэг Кувейт улс өчигдөр Тегеран хотноо суугаа Элчин сайдаа эргүүлэн татсан байна. Кувейт, Ирантай байгуулсан дипломат харилцаагаа цуцалж болзошгүй хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин