Эрх баригчид хувийн тооцоогоо хойш тавиарай
2016-01-07

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар есөн асуудал хэлэлцэх юм.

Эхний асуудал болох Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өргөн мэдүүлсэн юм.

 

Үндсэн хуулийн цэцийн хуулийн өөрчлөлтийн талаар гишүүд асуулт асууж, хариултаа авч байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Үндсэн хуулийн 6 жилийн хугацааг улс төр, хонзонгийн зорилгоор зөрчдгийг болимоор байна. Ийм зүйл цаана нь байгаа учраас эмзэглэж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хамгаалах шаардлага надад байхгүй.

 

Насны хязгааргүй ажиллаж ирсэн чинь цаанаа учиртай байсан. Үндсэн хууль нь тогтвортой байхад бүрэлдэхүүн нь тогтвортой байх ёстой. Харамсалтай нь янз бүрийн дутагдал гараад асуудал ярих шалтиг болоод байна. Байнга эрх мэдэлтэй, ялагч байх тооцоогоор хийсэн зүйл эргээд цөөхөн жилийн дараа өөрийн толгой дээр мөндөр болж буудаг. Өнөөдөр эрх барьж байгаа хүмүүс үүнийг хараарай. Ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, цэцийн гишүүдийг хугацаанаас нь өмнө явуулж байгаа нь хэзээ нэг цагт эргэж толгой дээр чинь бууна шүү. Зургаан жилийн хугацаатайгаар томилогдсон хүмүүс гээд муу хэлээд байна. Энэ томилогдсон хүмүүсийн буруу биш. Харин үндсэн хуультай л ярь. Үндсэн хуулиар хамгаалагдсан хугацаанд элдэв ёс бус байдлаар халдахгүй байхыг хүсч байна. Улс төр, үндсэн хуулийг тогтворгүй байдалд хүргэж магадгүй. Элдэв янзын тооцоо дороо бодож байгаа хүмүүс тооцоогоо хойш тавьж, эргээд аюул болж байгааг бодоорой.

 

 УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:  Цэцийг улстөржүүлж болохгүй. Хувийн атгаг бодол, санаагаар хууль санаачилж болохгүй. Цэц Австри, Германы туршлагаар Үндсэн хуулийн шүүх болох ёстой. Нямдорж сайд өөрийн хувийн туршлага дээр хэлж байх шиг байна. 2002 онд тухайн үед дээд шүүхийн маш олон хүнийг ажилгүй болгосон. Би энэ хүн шиг дотроо хар тээж явдаг хүн биш. Бусад улс оронд дэвшилттэй ажилладаг шүүхийн механизмыг оруулж ирж байгаа юм. Хувийн туршлага, өөрийн зан аашаар бусдад хандаж болохгүй.

 

Ийн гишүүд асуулт асууж, хариултаа авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин