Хүүхэд, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэх өрөөтэй боллоо

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд хууль эрх зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлэх өрөөтэй болов. Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 19 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад О.Пүрэвсүрэнгийн санаачилга, түүний гэр бүл ойр дотныхны хандив тусламжаар тус хэлтэст Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд хууль эрх зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлэх өрөөтэй болгожээ.
Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хоёрдугаар байрны хоёр өрөөг тохижуулан Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг цагдаагийн хамгаалалтад түр байлгах, хууль эрх зүйн зөвлөмж өгөх, алба хаагч нарын хүүхдийг асран хамгаалах хүнгүй үед түр харж, саатуулж байх зорилгоор хүүхдийн тоглож, амрах орчинг бүрдүүлж өгсөн байна.
Давхар өрөөний нэг өрөөнд Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч орж ажил үүрэг гүйцэтгэн туслалцаа хэрэгтэй байгаа хүүхэд эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж ажиллах аж. Хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хийсэн энэ ажил нь цагдаагийн байгууллагадаа анхдагч нь байж болох томоохон сэтгэлийн өргөл байлаа.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ