Улстөрийн намын хуулийг дэмжинэ
2016-01-11

УИХ дахь Бие даагчдын зөвлөл  энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

 

Бие даагчид Улс төрийн намын тухай хуулийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Тус хуулийн төсөлд, 3000-аас доош хүн амтай суурин газар намын анхан шатны нэгж байгуулахгүй байхаар тусгасан. Харин бие даагч 3000-аас дээш хүн амтай газарт ч намын анхан шатны нэгж байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн СЕХ дээр намуудыг бүртгэх нь зохисгүй гэж үзжээ. Нам гэдэг зөвхөн сонгуулийн төлөө байгууллага биш тул бүртгэлийг СЕХ хийх нь учир дутагдалтай гэдэгт тэд байр суурь нэгдсэн аж.

 

Сонгуулийн тухай хууль батлагдсаны дараагаар бие даагчдын зөвлөл ҮХЦ-д хандахаа мэдэгдэж байсан.  Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуулийн эцсийн найруулгыг чуулганы хуралдаан уншиж танилцуулсан билээ. Энэ үеэр бие даагчидтай холбоотой зарим зөрчилтэй заалтыг хуульд зохицуулан өөрчлөлт оруулсан байна.  Тухайлбал, бие даагчийг дугуйлсан хэрнээ намыг дугуйлаагүй бол саналын хуудас хүчингүй болох заалтыг өөрчлүүлж, нам болон нэр дэвшигчийн аль алиныг дугуйлаагүй хуудсыг хүчингүйд тооцохоор болгосон байна. Мөн  Хяналтын тооллогод бие даагчийн төлөөллийг оруулахаар болсон зэрэг заалтыг тусгуулсан нь дараа дараагийн бие даагчид сонгуульд өрсөлдөх бололцоог нээж өгсөн гэж Ц.Даваасүрэн гишүүн мэдээлэв. Үүний зэрэгцээ ипотекийн зээлтэй холбоотой хуулийн төслийг дэмжихээ бие даагчид мэдэгдлээ.   Түүнчлэн ЭМС-ын сайдыг томилох тухай  шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр тогтжээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Ноён уулыг ухах буюу Гацууртын ордыг ашиглахтай холбоотой хоёр хууль тогтоомж гаргахаар зүтгүүлж байна.  Гацууртын ордоос төрийн эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтооно. 34 хувиа тусгай төлбөр шилжүүлнэ гэж байна. Борлуулалтын гуравхан хувийг Монгол Улс авахаар болж байна. Гурван хувь гэдэг бол татвар биш хураамж.  Мөн Ноён уулыг тусгай хамгаалалтад авна гэсэн. Гэхдээ аливаа тусгай хамгаалалтад байгаль орчин, уул усыг авахдаа экосистемийнх нь байдлаар авдаг. Гэтэл Ноён уулыг  “Сентерра Гоулд” компанийн талбайг оруулалгүйгээр 10-аад км шулуун шугам татаад тусгай хамгаалалтад авчихсан. Энэ нь Засгийн газар тусгай хамгаалалтад авсан болж нүглийн нүдийг гурилаар хуурч байна” гэв.

 

Бие даагчдын зөвлөлийн мэдээлэлд Химич, хөрс судлаач, доктор Ш.Пүрэвсүрэн  оролцсон юм. Тэрбээр “Ноён уулын асуудалд өнөөдөр маш хурцаар тавигдаж байгаа энэ үед Монгол орны ирээдүйд ямар болох бол гэдэг дээр мэргэжлийн хүний хувьд маш их санаа зовж явдаг. Ноён уулын алтны нөөцтэй хэсэг газрыг 2000 оноос хойш одоогийн “Сентерра Гоулд” компани ашиглаж эхэлсэн үеэс би сайн мэднэ. “Сентерра Гоулд”-ын охин компани “Бороо гоулд”-ын ашигласан талбайд Улаанбаатар хотын бүх хог, цагилгаан станцуудын хогийг ч аваачаад хийсэн ч дүүрэхээргүй том нүх үлдээгээд  байна. Яг ийм хувь заяа Ноён уул дээр одоо тавтагдах гэж байна” хэмээсэн юм.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
m:
нүүрсний уурхай ашиглахад хэр зэрэг нүх үлддэг юм бол
2016-01-11