Түрээсээр орон сууц эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэнэ
2016-01-11

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийв. Тус бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хэд, хэдэн хуулийг төслийг хэлэлцсэнээс гаднаУИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээлэлийг сонсчээ.  Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Энэ онд Монгол Улсын эдийн засгийн форумыг хэрхэн зохион байгуулах талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын танилцуулгыг тус бүлгийн хуралдаанаар  сонсчээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар 100 хувь дэмжиж, УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьт нэгджээ. Мөн Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлээд байгаа аж. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Хариуцлагын тухай хуулийг АН-ын бүлэг яагаад хойшлуулсан бэ?

 

-Энэ хуулийн төсөл Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэгдээд олонхийн дэмжлэг авч чадаагүй. Үүнийг УИХ-аар дахин хэлэлцүүлэх талаар Ерөнхийлөгч санал, санаачлага гаргасан. АН-ын бүлгийн гишүүд ярилцаад нэгэнт байнгын хороогоор дэмжлэг авч чадаагүй хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн.

 

-Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд ямар өөрчлөлт орох юм бол?

 

-Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалан зээлдүүлэх хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан. Цэцийн гаргасан дүгнэлтээр өмнөх хууль хүчингүй болж байгаа. Монголын банкуудын холбоо, Монгол банк орон сууцны 8 хувийн зээлийг зогсоосон. Ганц моргейжийн зээл ч биш бусад зээлүүдийг ч мөн зогсоосон. Тийм учраас АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гишүүд хамтарч шинэ хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хууль байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдаж гарах юм бол орон сууцны зээлийн үйл ажиллагаа сэргэх юм. Сэргээхдээ тодорхой зарчмын өөрчлөлтүүдийг оруулсан. Нэг үгээр хэлбэл, Монголын ипотекийн корпораци, Банкуудын холбоо, Монгол банкнаас моргейжийн зээлийн хүүг бууруулах боломж бүрдсэн байна гэж хэлж болно. 14 хувьтай инфляцитай байхад 8 хувиар олгож байсан. Одоо инфляци  2.9 хувьтай болсон учир  зээлийн хүүг 5 хүртэл хувиар буурах боломжтой. Тиймээс удахгүй өргөн баригдах хуулийн төслөөр энэ асуудлуудыг цэгцлэнэ. Орон сууцны талбайг 80 ам.метрээр гэсэн хязгаар тогтоож зээл олгодог байсныг болиулж байгаа.

 

8 хувийн моргейжийн зээлд нэг өрхийн сарын орлого 1.3 сая төгрөг байх банкны шалгуур байсан. Харин зээлийн хүүг 5 хувь болгон бууруулснаар 530 мянган төгрөгийн орлоготой иргэн моргейжийн зээлд хамрагдах боломж нээгдэж байгаа. Ингэхдээ 43 ам.метрээс байрнаас сонгоно. Хуулинд оруулж буй өөрчлөлтөөр иргэн банкнаас зөвшөөрөл авахгүйгээр түрээслэх буюу бизнесийн орлого олох үйл ажиллагаанд ашиглах боломжтой болж байгаа. Түүнээс зарж, борлуулах асуудалд банкнаас зөвшөөрөл авна гэж тусгасан байгаа. Бид аль болох орон сууцны хүүг бууруулах асуудал дээр анхаарч байгаа.

 

Мөн байртай болох боломжгүй иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлэх боломжийг хайж байна. Түрээсийн орон сууцны журмыг удахгүй Засгийн газар гаргана. Түрээсээр орон сууц эзэмшүүлэх асуудал яригдаж байна. Энэ нь залуу гэр болон өндөр настнуудад хамааралтай асуудлууд байгаа. Орон сууцнуудын тодорхой хэсгүүдийг түрээслэнэ. Дээр нь Засгийн газар бизнесийн моргейжийн зээлийн асуудлыг удахгүй оруулж ирэх гэж байгаа. Жижиг үйлдвэрлэгчид буюу үсчин, жижиг худалдаачидад зориулсан моргейжийн зээлийг шинээр зохион байгуулна. Энэ нь орон сууцны найман хувийн зээлтэй адилхан хувь хэмжээгээр тогтоож олгох боломж байна гэж ярьж байна.

 

-Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг хэзээ шийдвэрлэх  бол?

 

-Энэ нь Ерөнхий сайдын мэдлийн хүрээний асуудал. АН-ын бүлгээс уг асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэлийг өгсөн байгаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин