“Монголын сайхан бичигтэн” тодорлоо
2016-01-11

Гэрэл зургуудыг MPA.MN

 

МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохиодог “Монголын сайхан бичигтэн” 19 дэх удаагийн уралдааны шагналтнууд тодорлоо. Уг уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр Монголын Уран зургийн галарейд боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эрдэмтэн судлаачид, монгол бичгийн багш нар, оюутан, сурагчдын төлөөлөл оролцов.

 

“Монголын сайхан бичигтэн-2015” уралдааны тэргүүн байрын шагналыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 12 дугаар ангийн сурагч Ганбагана, Дархан-Уул аймгийн 29 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Шинэбаяр, Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Янжиндулам, нийслэлийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Буянцэцэг нар хүртлээ.

 

Уран бичлэгийн төрөлд нийслэлийн Бичиг, соёл, боловсролын төвийн уран бүтээлч Одбаяр тэргүүлсэн бол, сайхан бичигтэн төрөлд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 10б ангийн хамт олон, тус ангийг улсын уралдаанд бэлтгэсэн багш Болормаа нар тэргүүлсэн байна.

 

Мөн насанд хүрэгчдийн ангилалд Орхон их сургуулийн монгол хэл уран зохиолын багшийн дөрөвдүгээр ангийн оюутан Сувд шалгарав. Харин сурагчдын ангилалд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын аравдугаар ангийн сурагч Түвшинтүлхүүр шалгарч, Мэргэжлийн багш нарын ангилалд тус аймгийн “Эрдэнэмандал” ахлах сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Даваадолжин тодорлоо. Тэргүүн байрын шагналтнуудад  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагналыг гардуулан өгөв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин