АНУ-ын цэргүүд бэлэн байдалд шилжлээ

Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргүүд байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тухай “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. “Байлдааны бэлэн байдал зарласан нь Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршсантай холбоотой” хэмээн Өмнөд Солонгосын Жанжин штабын генерал Ли Сун Жин сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Пхеньян энэ сарын 6-ны өдрийн 10.00 цагт Сунжибаегам тосгонд анх удаагаа устөрөгчийн бөмбөг туршсан билээ. Сөүл хотноо суугаа АНУ-ын цэргийн командлагч Кертис Скапаротти тус улсын цэргийн удирдлагуудтай хэлэлцсэний үр дүнд өчигдөр дээрх шийдвэрийг гаргасан байна. Тус улсад АНУ-ын 28 мянган цэрэг үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Дээрх шийдвэрийн дараахан Пхеньян хилийн хамгаалалтаа нэмэгдүүлж, алсын тусгалтай пуужин зэргийг байршуулсан байна.
Пхеньян устөрөгчийн бөмбөг туршсаны дараа Сөүлийн тал хоёр улсын хилийн орчимд байршуулсан чанга яригчаа дахин ажиллуулж эхэлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Пхеньяны сүрдүүлгээс болж чанга яригчаа эргүүлэн татаад байсан юм. Уг чанга яригчийн тусламжтай Сөүлийн удирдлагууд Ким Чен Унтай холбоотой суртал ухуулгын нэвтрүүлэг цацаж эхэлсэн байна.
Нэн даруй чанга яригчаа хураахгүй бол дахин устөрөгчийн бөмбөг туршихаа Пхеньяны талаас сануулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ